/2022.09.27/: Олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэж байгаа энэ үед Оросын армийн нөөц хүчнийг Украинд байлдахаар дайчлахдаа алдаа гаргаснаа Кремль хүлээн зөвшөөрсөн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч "Цэрэг татлагын явцад захирамж зөрчсөн тохиолдол бий" гэж мэдэгдээд "Бүх алдааг засна" гэв.
Цэргийн туршлагагүй, эсвэл хэт өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дуудаж байна гэж хэд хэдэн удаа мэдээлэл ирсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт гаргасан дайчилгааны зарлиг өргөн хүрээний эсэргүүцлийг аль хэдийн үүсгээд байна.
Ерөнхийлөгч Путин есдүгээр сарын 21-нд хэсэгчилсэн дайчилгаа явуулна гэж мэдэгдсэний дараа Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 300,000 нөөц цэргийг татна гэж мэдэгдсэн.
Баруун болон Украины хэд хэдэн цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар ноён Путин нөөцийн цэргүүдийг дайчлах шийдвэр гаргасан нь Оросын цэргүүд Украинд байлдааны талбарт амжилт муу байгааг харуулж байна гэв.
Дайчилгааны тухай зарласнаас хойш Орос даяар эсэргүүцлийн жагсаалын үеэр 2000 гаруй хүн саатуулагдаад байна.
Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр ноён Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков алдаа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөөд, зарим бүс нутагт "засаг дарга нар нөхцөл байдлыг засахаар идэвхтэй ажиллаж байна" гэв.
Ноён Песков мөн хил хааж, цэргийн албанд татах шийдвэр гаргасныг мэдэхгүй гэдгээ мэдэгдэв.
Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайчилгаанд хамрагдах боломжтой залуусыг гадаадад зугтах явдлыг зогсоохын тулд ийм алхам хийх боломжтой гэж үзэж байсан юм.
Дайчилгаа зарласнаас хойш олон орос залуус тус улсыг орхин явахыг эрмэлзэж байна.
Гүржийн хил дээр орос машинуудын урт дараалал үүссэнийг хиймэл дагуулаас авсан зургууд харуулж байна.
Даваа гарагт Сибирийн Усть-ллимск хотод нэгэн эр цэрэг татлагын офицерыг хүндээр шархдуулсан нь олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэж байгаагийн сүүлийн шинж тэмдэг юм.
Халдлага үйлдэгч офицер руу ойртож түүнийг буудаж буйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан байна. Уг бичлэгт зэвсэгт этгээд бусдыгаа "зугт" гэж хашгирсны дараа барилгад байсан хүмүүс хашгирч, сандарч гүйж байгаа харагдана.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Кавказ дахь ОХУ-ын Дагестаны бүгд найрамдах улсын иргэд дайчлах ажиллагааны улмаас цагдаа нартай мөргөлджээ. Бүс нутгийн нийслэл Махачкала хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 100 гаруй хүнийг баривчилсан гэж Оросын хүний эрхийн бие даасан ажиглагч OVD-Info мэдээлэв.
Түүнчлэн Орос даяар байрлаж байгаа цэрэг татлагын төв болон бусад захиргааны байруудыг хэд хэдэн удаа галдан шатаасан тухай мэдээллүүд гарчээ.
Эх сурвалж: ВВС