“Mongolia Mining 2022” үзэсгэлэн энэ сарын 21-нд эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Mongolia Mining 2022” үзэсгэлэн энэ сарын 21-нд эхэлнэ

/2022.09.13/: Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд “Степпе Арена” буюу “Мөсөн Өргөө”-нд зохион байгуулах юм.

Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болох ажээ. Монгол улсад 2022 онд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Оюу Толгой” ХХК ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинар хийнэ. “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хийнэ.

“Мongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог. Үзэсгэлэнг уламжлал ёсоор “Майнэкс Монголиа” ХХК, “Экспо Монгол” ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК, Алтан ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ХХК болон “Новел групп” ажиллаж байгаа бол үндэсний бүтээн байгуулагч Мөнгөн ивээн тэтгэгчээр “Соёолон Интернэшнл” ХХК, “Мега Сэлбэг” ХХК хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлах юм. Мөн “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд өргөнөөр оролцож байна. Тэр дундаа ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг 10 гаруй орны 100-аад байгууллагууд уг үзэсгэлэнд оролцоно.

Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй. Зочдыг урьдчилсан бүртгэлийн дагуу мандат олгон, мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд гол хаалган дээр бүртгэн оруулах юм. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Шангри-Ла зочид буудлаас цаг тутам үйлчилнэ. Үзэсгэлэн есдүгээр сарын 21 -23-ны өдрүүдэд 10:00-16 цаг хүртэл ажиллах юм байна. Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187 утаснаас авах боломжтой.

КОВИД: Улсын хэмжээнд 67 тохиолдол бүртгэгдлээ
КОВИД: Улсын хэмжээнд 67 тохиолдол бүртгэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.