
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн задаргааг ил болгох хуулийн төсөл чуулганаар дэмжигдээгүй талаар мэдээлэл хийв. Мөн энэ талаар өөрийн цахим хуудасдаа мэдээлсэн байдаг. Тэрбээр, "Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг задаргаа бүрээр нь олон нийтэд онлайнд нээлттэй болгох хуулийн төслийг хэлэлцүүлэх саналыг энэ удаа дэмжүүлж чадсангүй. Хамтран санаачилсан хуулийн төслийнхөө эсрэг МАН гишүүд санал өгч байгаа нь энэ нам төсвийг хаалттай байлгах маш том эрх ашигтай гэдгийн баталгаа. Монгол улсын төсөв МАН намыг тэжээх үүрэггүй. Төсвийн ил тод байдлыг шаардах иргэдийн эрх ашиг энэ санал хураалтаар дуусахгүй" гэв.
Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт Улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 31 гишүүн өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөлд татвар төлөгчдийн мөнгийг бүх задаргаатайгаар нь баталгаажуулж, цахимд байршуулдаг байх гэсэн өөрчлөлт оруулах байсан. Гэтэл хуулийн төслөө хамтран санаачлаад, гарын үсэг зурсан МАН-ын гишүүд эсрэг санал дараад хуулийн төсөл дэмжигдсэнгүй.
Улсын төсвийг онлайн нээлттэй болгох хуулийн төслийг 31 гишүүн хамтран санаачилж, гарын үсгээ зураад өргөн барьсан. Энэ бол бага тоо биш. Маш их гишүүд дэмжсэн. Гэтэл яг хэлэлцүүлгийн үеэр МАН-ын гишүүд эсрэг санал дарж байгаа нь итгэл үнэмшлээсээ буцаж байгаа хэлбэр. Мөн хууль санаачлагчид өөрсдөө хариуцлагагүй байна. Санаачилсан хуулийн төслөө өөрсдөө эсрэг дараад унагаж байгаа нь байж боломгүй үйлдэл" гэлээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.