Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүнээс 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн танилцуулсан. Улсын төсөв нь татвар төлөгчдийн хөрөнгөөр бүрддэг, иргэдийн амьжиргаа улс орны хөгжилд чиглэсэн төрийн бодлогын санхүүгийн гол хэрэгсэл тул төсвийн хөрөнгийг ямар хэрэгцээ шаардлага, үндэслэлээр төлөвлөж, зарцуулж байгаад Улсын Их Хурал болон олон нийт бодитой хяналт тавих боломжтой байх ёстойг С.Цэнгүүн гишүүн танилцуулгадаа онцолсон.

Зарлагын өсөлт, хөрөнгө оруулалтын үр ашиг, төсөл, арга хэмжээний сонголт нь эрэмбэлэлт зардлын үндэслэлтэй холбоотой асуудал анхаарал татсаар ирсэн гээд тухайлбал, улсын төсвийн урсгал зардал 2020 онд 10 их наяд төгрөг байсан бол 2025 онд ойролцоогоор 24 их наяд төгрөгт хүрч, хоёр дахин өссөн байна. Гэвч энэхүү өсөлт иргэдийн амьжиргаа, төрийн үйлчилгээний чанар, эдийн засгийн хөгжилд ямар бодитой үр дүн авчирсныг нарийвчлан үнэлэх шаардлагатай гэж төсөл санаачлагч хэлэв.
Мөн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд ч анхаарах асуудлууд буйг дурдаад, тухайлбал, 2024 оны улсын төсөвт туссан 1049 төсөл, арга хэмжээний 52 хувь нь он дамжин хэрэгжих төсөл болсон. Мөн орон нутагт эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 81 хувь нь улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөтэй нийцээгүй. Эдгээр үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний сонголт, эрэмбэлэлт, хөгжлийн бодлоготой уялдсан байдалд тавих шаардлага, хяналтыг сайжруулах хэрэгцээ байгааг харуулж байна гээд энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Түүнчлэн хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнэлгээ, эрэмбэлэлтийг боловсронгуй болгож, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, хэрэгжүүлэх бэлэн байдал болон бусад салбар, шалгуурт үндэслэн үнэлж, нэгдсэн оноо, эрэмбийн дагуу сонгох шаардлагыг тодорхой болгоно. Ингэснээр төсөл арга хэмжээний сонголтыг бодит хэрэгцээ, хөгжлийн бодлого, үнэлгээний үр дүнд тулгуурлан хийх төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэв.

Төсвийн урсгал зардлыг зөвхөн нийт дүнгээр бус зардлын нэр төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт дүн болон хүлээгдэж буй үр дүнгээр нарийвчлан мэдээлэх зохицуулалтыг төсөлд тусгаснаар Улсын Их Хурал болон олон нийт төсвийн зардлын өсөлтийн шалтгаан, хэрэгцээ шаардлага, үр ашгийг бодит мэдээлэлд тулгуурлан үнэлж, үндэслэлгүй болон үр ашиггүй зардлыг илрүүлэх, хянах боломжтой болох аж.
Түүнчлэн төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, цахим болон бусад сувгаар санал авах, ирүүлсэн саналын шийдвэрлэлтийг ил тод тайлагнах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход төслийг чиглүүлсэн гэдгийг С.Цэнгүүн гишүүн танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.
Хэлэлцэж буй асуудалтай Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Түвшин, Д.Пүрэвдаваа нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Гишүүд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төсөл батлагдсан нөхцөлд хариуцлагын системийг зайлшгүй уях шаардлагатай гэдгийг анхааруулж байлаа. Мөн хуулийн хэрэгжих хугацаа, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ чиглэлийн хуулийн төсөлтэй давхацсан санал, агуулга бий эсэхийг лавлаж, хариулт авлаа.

Хуулийн төслийг нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг ажлын хэсгээс хариултдаа тодотгоод 2027 оны төсөв хэлэлцүүлэх хугацаа, цаглавар өнгөрсөн тул 2028 оны төсвийн төсөл хэлэлцэх цаглаврынх нь дагуу иргэдэд нээлттэй байршуулах нь зүйтэй гэв.
Эцэст нь "Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Х.Болормаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.