Оюутолгойн ногдол ашиг дээр дооргүй ТАЛЦУУЛАВ
 

Оюутолгойн ногдол ашиг дээр дооргүй ТАЛЦУУЛАВ

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр "Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслөөс анх удаа ногдол ашиг авах болсонтой холбогдуулан иргэн Таны саналыг асууж байна" нэртэй санал асуулгыг эхлүүлсэн. Гэсэн ч энэхүү санал асуулгад иргэдэд ногдол ашгийг дансанд хуваарилах талаар нэг ч агуулга байгаагүй нь дахин маргаан дагуулж эхлээд байна.

Одоогийн байдлаар "Чингис хаан Үндэсний баялгийн сан" дахь иргэдийн нэрийн дансанд 306 мянган төгрөг буй. Оюутолгойн ногдол ашиг хэрэв бүтнээрээ буюу 850 мянга орчим төгрөг энэхүү дансанд орвол ойролцоогоор 1.1 сая төгрөг иргэдийн нэрийн дансанд байршина гэсэн үг. Энэ мөнгийг шууд бэлнээр тараах зохицуулалт байхгүй ч иргэдийн ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт болох эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээнд зарцуулах боломжтой. Энэхүү ногдол ашгийг төсөвт оруулан зарцуулах талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Эдийн засгаа солонгоруулах, тулгуур салбаруудыг бий болгоё гэхэд хамгийн том асуудал үүсэж байгаа нь эрчим хүч байна. Иймд анх удаа авах ногдол ашгаараа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулъя гэх саналыг Засгийн газар оруулж байгаа" хэмээн тайлбарлаад байна.

Харин энэхүү ногдол ашгийг шилний цаанаас чихэр долоолгож буй мэтээр ашиглаж, үнэн хэрэгтээ бүтээн байгуулалт нэрээр өөр зүйлд зарцуулах гэж байгаа юм биш биз гэх хардлага дээр дооргүй үүсээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн "Баялгийн сан дээр 1 их наядыг оруулна гэчхээд 2027 онд зарлагадахаар тодорхойгүй байдлаар оруулсан байна. Миний хувьд Засгийн газар ирэх сонгуулиар бэлэн мөнгө тараах төлөвлөгөөгөө нууцаар хэрэгжүүлэх гэж байна гэж харж байна. Ямар ч сахилга батгүй, олсон орлогоо тэр чигт нь зарцуулсан, сонгууль угтсан төсөв оруулж ирсэн гэж харж байна" хэмээн ярьсан бол иргэд уг ногдол ашгийг дансандаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн жагсаал хүртэл зохион байгуулаад амжсан.

Гэсэн ч Н.Учрал зорилгоосоо няцах бодолгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж, "санал асуулга" нэрээр "гөлөг төөрүүлэх"-ийг оролдсоор л. Түүний гаргасан уг шийдвэр нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн амтай болгон хэлж буй. Гэтэл энэ тал дээр нүдэн балай чихэн дүлий суусаар буй Н.Учрал бодолдоо уг мөнгийг хэдийнэ үрээд дуусчихсан байж мэднэ. Оюутолгойн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг. Үндсэн Хуульд заасанчлан газрын хэвлий дэх баялгаас иргэн бүр ашиг хүртэх ёстой. Гэтэл 2027 онд ногдол ашиг өгөх эсэх талаар Рио Тинто ч бүрэн шийдвэр гаргаж албажуулаагүй байхад төсөвтөө хүртэл суулгаж, "боловсон" мэт боловч дээрмийн аргаар хууль зөрчин байж энэхүү ногдол ашгийг авахаар нэгэнт сэтгэл шулууджээ.

Ж.Сондор

ФОТО | Өмнөд Судан улсад энхийг сахиулсан алба хаагчид ЭХ ОРОНДОО ирлээ
ФОТО | Өмнөд Судан улсад энхийг сахиулсан алба хаагчид ЭХ ОРОНДОО ирлээ
 
Батлан хамгаалахын их сургуульд МОНГОЛ УЛСЫН БААТАР цол олголоо
Батлан хамгаалахын их сургуульд МОНГОЛ УЛСЫН БААТАР цол олголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.