
Харүки Мүракамигийн цөөнгүй зохиол бичвэрээс огт сэтгэлээс гардаггүй нэгэн бяцхан өгүүлэл болох “Дурласан Замза” гэх тал нүүр зохиол бий. Хоёр хуудас ч хүрэхгүй тун богинохон бичвэр. Мэдээж утга гүн, өгүүлэмж их.
Үнэндээ Мүраками ч тэр, би ч тэр, бүр хэдэн сая уншигч аугаа Франц Кафкагийн “Замза” дүрийн төгсгөлд нууцхан харамсдаг байх, тэгж боддог юм. Дуусгаж чадаагүй зохиол шиг төгсгөл нь үүрд бидний цээжинд гонсоймоор мэдрэмж төрүүлсээр байдаг “Хувирал” туужийн “хөөрхий” Грегори Замза.. Харин Мүраками гуай, уншигчдын нууцхан хүсдэгээр ч гэх үү арай өөр, нэг тийм уран төсөөлөл, өөдрөг бас бага зэрэг гүн гүнзгий агуулгатай болгон төгсгөлийг нь өөрчилсөн “Дурласан Замза” гэх мөнөөх бичвэр зохиол бол яг үнэндээ шаналал дотоод хоосролын туйл Франц Кафкагийн дотоод ертөнцийг гайхамшигт бүтээл болгон хувиргасан “Хувирал” романы гол дүрийн залуу гэдгийг андахгүй биз.
Ихэнх уншигч “Хувирал”-ыг оролдохыг хэзээ ч зөвшөөрөхгүйдэг. Харүки Мүраками л төсөөлөл дотроо дураараа гарчиглаж, дураараа сэтгэж, Замзаг дураараа амьдруулж байгаа юм. Өөр хэн ч тийм үг, үйлдэл, үсэг гаргаж зүрхлэхгүй нь тодорхой. Энэ бол уран зохиолын ертөнцөд хоёр зууны зайтай ч нэг л хүний нэрээр холбогдсон хоёр зохиолчийн дураар зан.
Ганц өгүүлбэр тодхон үлдсэн тэр өгүүлэлд “Дурласан” гэж гарчиглавч “Гал тогоонд сэрсэн Замза” гэдгээрээ үүрд үлджээ.
Түүний анхны эмэгтэй гол дүрийн роман “Кахогийн домог”
Энэ жил нас сүүдэр 77 шүргэж яваа Харүки Мүраками ээлжит нэгэн романаа уншигчдын гар дээр тавилаа. Япондоо бол ёстой ид “хийж бүтээх” насандаа яваа тэрээр Нобелын шагналаас татгалзаж шуугиан тарьсан чанга эр. Үнэндээ тэрээр зохиолын ертөнцдөө л амьдарч байдаг болов уу гэмээр хүн билээ. “Буйд харь нутгаар” аяллын тэмдэглэл номыг нь уншихад түүний хувьд ер нь бүхий л залуу насаа ном зохиол бичихэд биш харин аялж, амрахад зориулж түүний л төлөө зохиол бүтээл бичиж мөнгө олохоор шийдсэн юм болов уу гэлтэй. Бүр Монголоор хүртэл аялснаа тэмдэглэж үлдээсэн нь олзуурхаж уншим.
Та анзаарсан бол Мүраками ямар ч романдаа хэзээ ч эмэгтэй хүнд гол дүр өгч үзээгүй, “харамч” хүн. Харин энэ зун хэвлэлтээс гарсан Кахогийн домог өөр зүйл өгүүлнэ. Одоо 77 настай өвгөжөөр эр хүн уншигч бидэнд 26 настайн эмэгтэйн дүрээр ирэх ажээ. Сонирхож, хүлээмээр.
Эмэгтэй хүний мэдрэмж, бодол, бүр уурлахыг нь хүртэл сийлж чадах уран яруу чадвар гагц Мүракамигаас л төрнө гэдэгт итгэлтэй байдаг олон уншигч байгаа биз. Тэр тэгж л бичдэг, улам ч сайжирдаг.
…..Кахо бол 26 настай, хүүхдийн номын зохиолч. Түүний амьдрал гаднаас харахад энгийн. Гэвч нэгэн танилцах уулзалтын үеэр эрэгтэй хүн түүнд хатуу, доромж үг хэлснээр бүх зүйл өөрчлөгдөнө. Мүракамигийн зохиолын ертөнцөд хамгийн хачирхалтай аялал заримдаа хамгийн энгийн асуултаас эхэлдэг. Энэ бас л гоёмсог тайлбар юм. Зүгээр л нэг холын тээврийн жолооч, байдаг л нэг орчуулагч залуу.. бас цэргийн дундаж л алба хаагч гээд л. Тэгээд нэг л содон, сонин асуултаар тэдний ертөнц үүрд сонин бас хачин зүйлд татагдаад орчихдог..

“Кахогийн бичсэн хүүхдийн үлгэрт нэгэн охин өглөө сэрэхдээ нүүрээ алдсан байх ажээ. Өөрийнхөө царайг ямар байсныг ч санахгүй болсон тэр охин дэлхийгээр аялж, өөрийн жинхэнэ нүүрийг эрэн хайна. Энэ бол хүүхдийн үлгэрийн хэлбэртэй ч хүний мөн чанарын тухай асуулт юм”. Үүнээс цаадах хүлээлтийг танд үлдээе.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.