Д.Амарбаясгалан: Л.Энх-Амгаланд хариуцлага тооцох эсэхийг Н.Учралтай ярилцана
 

Д.Амарбаясгалан: Л.Энх-Амгаланд хариуцлага тооцох эсэхийг Н.Учралтай ярилцана

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Түүний өгсөн мэдээллээс онцлох хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.

-Бид 126 гишүүнтэй болгох процессийг 2022 оноос эхлэн зөвшилцөл хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар гишүүдийн тоог нэмж, өдгөө 5 намын төлөөлөл парламентад сууж байна

-Би МАН-ын ЕНБД-аар 8 жил ажилласан. 1990-ээд оноос хойш ийм урт хугацаанд ажилласан генсек огт байгаагүй. Санаа бодол нийлээгүй цөөнх хэсгээ намаас хөөнө, хууль хяналтын байгууллагаар дамжуулан дарамтлах зэрэг үйл явдлууд болж байна.

-С.Амарсайхан сайдын хийсэн мэдэгдэл дарамт, шахалтаас үүдэн хийж байгаа зүйл шүү дээ. Төрийн мөрдэс зүүсэн генерал хүн хэний тушаалаар гарч ирж мэдэгдэл хийх вэ гэдгийг бид бодох ёстой.

-Х.Тэмүүлэн гишүүнийг сайд байхад нь одоогоос 13 жилийн өмнө цагдаагийн нэр бүхий хурандаа нар зохион байгуулалттайгаар огцруулах үйл явц гаргаж байсныг бид мартаагүй байж байтал дөнгөж сая С.Амарсайхан дээр энэ үйл явдал дахиад боллоо. Харамсалтай нь үүнийг судалж, ойлгох ёстой хүмүүс нь ойлгохгүй мэт царайлж өөрсдийн хүслийг биелүүлж буй нь утгагагүй зүйл болчхоод байна.

Засгийн газарт байгаа сайд нар нь өөрсдөө зориудаар хутган үймүүлэх зүйл хийж байна. МАН ийм тоглоомын нам байгаагүй гэх зүйл намын гишүүд их ярьж байна.

-М.Энхцэцэг гишүүн Австралийн хамгийн том эрчим хүчний компанид зөвлөх хийж байсан хүн. Бид урьж авчран, жагсаалтын хоёрдугаарт бичин, эрчим хүчний салбарыг Австралийн түвшигд хөгжүүлээч гэсэн. Гэтэл бичсэн төслийг нь одоог хүртэл дэмжиж, цааш нь явуулахгүй байна.

-Би байхгүй бол парламент тарна гэдэг агуулга бол ямар ч улстөрчид байж болохгүй зан. Ийм нөхцөл үүснэ шүү гэж ярьж байгаа нь бол зөв. Миний хувьд парламент тарчих хэмжээний нөхцөл байдал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байгаа.

-Намайг МАН-ын даргад нэр дэвшчих вий гэдэг үүднээс ямар нэгэн дөнгө зүүх гэсэн алхамууд хийгдсэн. Энэ бүгд хожим ил, тод болох нь тодорхой.

-МАН хоёр дараалсан ялалтын дараа бялууралд автаж эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд дараалаад ялсан. Үүний дараа бидэнтэй өрсөлдөх нам гарахгүй юм байна гэдэг бодол хатуу суусан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 126 гишүүнтэй болсон. Үр дүнд нь 5 намын төлөөлөл парламентад сууж байна. Үүний янз янзын ид шидийг бид өөрсдөө хүртэж байна шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ бид хоёр өөрчлөлтийнхөө үр дүнг хүртсэн. Нэг нь Ерөнхий сайдаас огцорсон, нөгөөх нь УИХ-ын даргаас огцрох өргөдлөө өгсөн.

-МАН-ын 30 хүн чинь улстөрийн хамгийн том сонголтондоо нэг талдаа гарчихсан л хүмүүс шүү дээ. Тухайн гишүүн чуулганы ирцэнд орох үгүй нь тухайн хүний зарчмын асуудал.

-Ард түмнээс сонгогддог ерөнхийлөгч, ард түмнээс сонгогддог парламент үндсэндээ тэнцүү хэмжээний эрх мэдэл байна. Хоёр талд хуваагдаад зарим тохиолдолд нэгнээ үгүйсгэдэг, нийлэхээрээ хүндрэлтэй нөхцөл байдал үүсчих гээд байдаг. Үүнийг тогтолцооны хувьд өөрчлөх хэрэгтэй.

-С.Амарсайхан сайдыг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөв? Үнэхээр өөрийнх нь алдаа юм уу, эсвэл зохион байгуулалттай, дээрээс удирдлагатай зүйлд өртөөд ажлаасаа чөлөөлөгдөв үү? Үүнд нухацтай хандах ёстой.

-Л.Энх-Амгалан гэдэг сайд бялдуучилж гүйж яваад аягүй бол тэр 3.5 тэрбум төгрөгийг эксел файл дээрээ хийчихсэн байхгүй юу. Манай хэдэн онц сурлагатан тэр файлыг нь ухна биз дээ? Түүнийгээ хэвлэлийнхэнд үзүүлчхэж. Тэгтэл зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн болчихсон. Ерөнхий сайдыг огцруулах гэж байна гэдэг гүтгэлэг гараад ирсэн. Үүнтэй хатуу тэмцэнэ. Арга зальтай нь дээшээ гараад шударга байсан нь хэлмэгдээд үлдэх ёстой юм?

-Хоёр эмэгтэй гишүүнээр далимдуулж МАН-ын 30 Ерөнхий сайд Н.Учралыг унагах гэж байна гэх яриаг хүмүүст хоногшуулах гэж байна. Би Ерөнхий сайдтай уулзаж энэ асуудлыг ярина.

-Яагаад өөрөө хариуцлага алдчхаад Ерөнхий сайдын эсрэг бүгдийг турхирах үйл ажиллагааг зохион байгуулалттай хийгээд байгаа юм бэ? Л.Энх-Амгаланд хариуцлага тооцох эсэх асуудлыг Ерөнхий сайдтай уулзаж ярилцана.

-Г.Тэмүүлэнг дэмжиж байгаа. Хариуцлагатай, сайн ажиллаж чадна гэдэгт итгэж байгаа. Гэхдээ С.Амарсайхан сайдын барьж байсан зарчмыг хатуу бариад, биднээс улстөрийн хатуу дэмжлэгээ аваад том өөрчлөлт, шинэчлэлт хийгээсэй гэж бодож байна. Бугшсан зүйлс дээр зориг зүрх гарган ажиллах ёстой.

Ж.Сондор

С.Бямбацогт: Иргэдийн бодит орлого 4.8 хувиар буурсан
С.Бямбацогт: Иргэдийн бодит орлого 4.8 хувиар буурсан
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.