Гар утас, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч Xiaomi компани хэдхэн хоногийн өмнө дотоодын зах зээлд борлуулагдах Xiaomi 14 Ultra загварын гар утсаа Хятадын хэрэглэгч нарт танилцуулж байсан бол өчигдөр орой Европын зах зээлд зориулсан Xiaomi 14, 14 Ultra загваруудаа олон нийтэд дэлгэн харууллаа.
Маргааш Испанийн Барселон хотод эхлэх Mobile World Congress арга хэмжээг угтуулан шинэ төхөөрөмжүүдээ танилцуулж байгаа нь энэ жилийн арга хэмжээний онцлог гэж хэлж болох юм.
Xiaomi компани 2022 онд гаргасан Xiaomi 12S Ultra загвараас эхлүүлэн оптик линз үйлдвэрлэг Leica компанитай стратегийн түншлэл үүсгэсэн уламжлалаа энэ удаагийн загварууд дээр ч хэвээр хадгалжээ. Тиймдээ ч тус компани сүүлийн жилүүдэд шинээр гаргаж байгаа гар утаснуудынхаа камерын хүчин чадлыг түлхүү сурталчлах болсон. Xiaomi 12 болон 13 гар утаснуудын Ultra хувилбарт л өмнө нь Leica линз суулгадаг байсан бол энэ жил энгийн Xiaomi 14 загвар болон 14 Ultra загварын аль алиныг нь энэхүү өндөр нарийвчлалтай камерын линз, төхөөрөмжүүдээр тоноглосон байна.
Xiaomi 14 нь flagship төрлийн гар утсанд байх бүх л үзүүлэлтүүдийг өөртөө агуулсан бөгөөд гарт барихад эвтэйхэн хэмжээ буюу 6.36 инчийн хэмжээтэй болж, LTPO 120Hz үзүүлэлттэй, эрчим хүчний хэмнэлттэй, хурдан шилжилттэй дэлгэцтэй болсон байна. Харин 14 Ultra нь 6.73 инч хэмжээтэй, 120Hz шилжих хурд, 1440p нягтралтай гоёмсог хүрээтэй дэлгэц болон 1 инч хэмжээтэй линз бүхий үндсэн камераар тоноглогдсон ажээ. 2024 он гараад удаагүй байгаа хэдий ч энэхүү гар утасны камерын үзүүлэлтийг давж гарах камер энэ жил шинээр танилцуулагдах гар утаснуудад дагалдах эсэх нь эргэлзээтэй байна.
Учир нь Xiaomi Ultra 14 гар утасны камерын мэдрэгч нь Oppo Find X7 Ultra утасныхтай адил Sony LYT-900 загварынх байгаагаас гадна камерын өрц нь өргөсч нарийсдаг онцлогтой юм. Энгийн гар утаснуудын камерын өрц буюу aperture тогтмол нэг хэмжээтэй байдаг бол 14 Ultra камер f/1.63 -аас f/4.0 хүртэл хэмжээнд камерын өрцийг тохируулах боломжтой байна. Өрц гэдэг нь орчны буюу зураг авах гэж байгаа биет дээр ойсон гэрлийг камерын мэдрэгч рүү нэвтрүүлэх хэмжээг илэрхийлдэг ойлголт юм. Энэ нь зурагны гэрэл сүүдэр, фокусын чанарт маш их нөлөөтэй үзүүлэлт гэж ойлгож болно.
Сарын өмнө нээлтээ хийсэн Samsung Galaxy S24 Ultra гар утас 2 ширхэг телефото камертай байсан бол Xiaomi мөн адил тус бүр 3,2х болон 5х дахин татах чадалтай, тогтворжуулсан таталттай 2 телефото линзээр камерын эгнээгээ нэмэгдүүлсэн байна. Зураг авалтын болон видео бичлэгийн маш олон шинэ функц, түүн дотроо мэргэжлийн зурагчид, мэргэжлийн зураглаач нарт зориулсан олон шинэ үйлдлүүд нэмж өгсөн нь их анхаарал татав.
Үүнээс гадна Ultra загварт зориулсан зураг авалтын нэмэлт хэрэгсэл танилцуулсан нь сонирхолтой санаа байв. Гар утасныхаа доод хэсэгт нэмэлтээр залгадаг, зургийн аппаратны товчлууруудтай, нэмэлт цэнэгтэй батарейтэй дагалдах хэрэгсэл нь фото зургийн хоббитой хүмүүст таалагдах нь дамжиггүй.
Харин Xiaomi 14 гар утас 50 мегапикселийн мэдрэгчтэй үндсэн, хэт өргөн өнцгийн болон 3,2х таталттай телефото гурван камертэй болжээ. Аль аль гар утаснуудад Snapdragon 8 Gen 3 (4 nm) чип, зураг засах, үүсгэх боломжтой AI функц, Wifi 7 холболт, IP68 ус, тоосны хамгаалалт, шинэ хөргөлтийн системээр тоноглогдсон байна.
Материалын хувьд аль аль загварууд ижилхэн хөнгөн цагаан хүрээтэй, тэгш өнцөгт ирмэгтэй байгаа бол 14 Ultra-ийн ар талыг nano-tech vegan leather нэртэй савхин материалаар бүрсэн нь содон байлаа. Xiaomi 14 нь 4,660mAH батарей, 90W утастай цэнэглэх, 50W утасгүй цэнэглэх, 10W reverse wireless цэнэглэх чадалтай бол 14 Ultra нь 5,300mAh багтаамжтай хүчирхэг батарейг гар утсанд урьд өмнө нь огт дуулдаж байгаагүй 80W-аар утасгүй цэнэглэх шинэ технологи агуулсан онцлогтой юм. Гар утаснууд шууд өнөөдрөөс эхлэн худалдаанд гарах бөгөөд 14 Ultra загвар 1,499 евро (1624 орчим доллар) үнэтэй бол 14 загварын эхлэх үнэ нь 999 евро буюу 1082 орчим доллар байх ажээ.
Мөн Xiaomi компани ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан HyperOS үйлдлийн систем, 12,4 инчийн дэлгэцтэй Xiaomi Pad 6s Pro таблет, Mi Band 8 Pro ухаалаг фитнесс бугуйвч болон Xiaomi Watch S3 ухаалаг цаг, Google компанитай хамтран бүтэээсэн Xiaomi Watch 2 ухаалаг цаг зэрэг бусад төхөөрөмжөө танилцууллаа.
Дээрх арга хэмжээг Xiaomi компанийн ерөнхийлөгч нээж үг хэлсэн бол стратегийн түншүүд болох Qualcomm болон Leica компаниудын ерөнхий захирлууд арга хэмжээнд биечлэн оролцож, хамтын ажиллагааныхаа талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.