/2024.01.24/: Өнгөрсөн шөн гарсан гал түймэр, дэлбэрэлтийн улмаас үүрэг гүйцэтгэж явсан гурван гал сөнөөгч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл цахим орчинд эдгээр гал сөнөөгчдийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн иргэдийн мэдээлэл маш их байгаа үед Тэнгэр даатгалын хамт олон тухайн гал сөнөөгчдийн ар гэрт 150 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгөхөөр болсноо өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
"Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар алтан амиа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 албан хаагчийн ар гэрт Тэнгэр даатгалаас нийт 150 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэлээ.
Эдгээр албан хаагчид нь манай компанид даатгалгүй бөгөөд бид Монгол Улсын эрсдэлийг бууруулахын төлөө зүтгэдэг зорилго нэгт хамт олны хувиар эдгээр анд нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулан энэхүү мөнгөн тусламжийг олгохоор болсон юм.
Тэнгэр Даатгалын хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.