/2024.01.05/: Хойд Солонгосын баруун эрэг орчмоос Өмнөдийн Ёнпёнг арал руу 200 гаруй удаа их буугаар буудсан гэж Сөүлийн арми мэдэгдлээ.
Өмнөд Солонгос арлын энгийн иргэдэд нэн даруй нүүлгэн шилжүүлэх анхааруулга өгсөн боловч энэ нь буудлагатай холбоотой эсэхийг хараахан батлаагүй байна.
Өмнөдийн зүгээс энэ үйлдлийг буруушааж, "өдөөн хатгасан үйлдэл" гэж мэдэгдэв.
2010 онд Хойд Солонгосын их буунууд Ёнпён арал руу олон удаа буудаж, дөрвөн хүний аминд хүрч байсан юм.
Баасан гарагт орон нутгийн цагаар өглөөний 09:00-11:00 цагийн хооронд харвасан их бууны сумнууд бүгд хоёр улсын хоорондох хамгаалалтын бүсэд газардсан байна.
Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар энэ үйл явдал "манай ард түмэн болон цэргийнхэнд хохирол учруулаагүй" гэж мэдэгдсэн ч энэ үйлдэл нь "Солонгосын хойгийн энх тайванд заналхийлж, хурцадмал байдлыг бий болгож байна" гэж нэмж хэлэв.
Пхеньян саяхан Солонгосын хойгт "дайн хэзээ ч гарч болзошгүй" тул бэлтгэл сургуулилтыг эрчимжүүлж байгаа талаар мэдээлсэн юм.
Ойролцоох Баеннёнг арлын эрх баригчид мөн нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн тухай мэдээлсэн байна.
2000 орчим хүн амтай, цэргийн бааз байрладаг Ёнпён арал нь Шар тэнгис дэх далайн маргаантай хилээс 3 км зайд, Хойд Солонгосын эргээс 12 км зайд оршдог.
Энэ нь олон жилийн турш Солонгос хоорондын тэнгисийн цэргийн мөргөлдөөний талбар болсон юм.
Эх сурвалж: CNN