/2023.10.17/: Улаанбаатар хотын иргэдийг хордохуйц хэмжээний үнэр хотоор тархаж хэргийн эзнийг өнөө хир нь хайсаар байгаа билээ.
Налайхад дэлбэрсэн төмрийн үйлдвэр, Очир ундраа хиамны үйлдвэр тэр ч бүү хэл туршилт нь эхлээгүй байгаа түлшээ хүртэл хардсан билээ. Тэгвэл зарим нэгэн судлаачдаас үндэслэл бүхий нэгэн сэжүүрийг гаргаж тавьсан нь хамгийн магадлалтайгаар тодроод байна. Ер нь үнэрийг хэмжих багаж хэрэгсэл дутмаг байгаа нь харагдсан. Одоо байгаа агаарын чанарын хэмжилтүүд агаар дах нүүрс хүчил болон хүхрийг л хэмжинэ.
Эдгээр үзүүлэлтүүд хэвийн байгааг тухайн өдөр мэргэжлийн байгууллагынхан мэдэгдсэн. Тэгвэл энэ үнэр автомашины түлшнээс гарсан байж болзошгүй гэнэ.
Хараат бус судлаачдын хийсэн эхний дүгнэлт нь азотын давхар ислийн хий. Азотын давхар исэл хурц үнэртэй, хүчиллэг. Агаарт 70 хувь нь азот байдаг. 20 гаруй хувь нь хүчилтөрөгч. Өндөр температурын нөлөөгөөр азот хүчилтөрөгчтэй нэгдээд азотын исэл үүсгэдэг. Азотын исэл өөрөө хүчиллэг хурц үнэртэй хий. Ийм хий авто машины яндангаас гардаг гэжээ.
Тэгвэл ийм хэмжээний үнэр гаргахуйц шаталт Улаанбаатар хотын зам дээр гарсан гэсэн үг. Татвараас зугтааж автомашинуудын түлшний октан дээшлүүлэгчийг их хэмжээгээр хэрэглэж түүнээс гарах хий агаарт тархсан байх магадлалтайг Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэгвэл 10 тонн асгасан тосноос агаарт ууршиж биш харин “Эко стандарт Петролиум” компанийн “үйлдвэрлэдэг” шатахуун, октан дээшлүүлэгч бодис нэмсэн шатахуун агаарт шатсан байж болох уу гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг энэ компани өмнө нь яг ийм үнэр алдаж цахилгаанаа таслуулж байсан гэсэн мэдээлэл байна.
Хорт үнэрийн хамгийн магадлалтай шалтгаан гэж үзсэн судлаачид дахин хэмжилт хийж нарийвчилан шалгаж эхэлсэн байна.