/2023.10.12/: Нүүрстэй холбоотой гэрээнүүдийг олон нийтэд ил болгосон ч өнөөдрийг хүртэл гурван гэрээ нууц хэвээр байна.
“Эрдэнэс таван толгой” компани дээр Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор нүүрсний борлуулалтын сүлжээг задалсан. Мөн тухайн үеийн албан тушаалтнуудыг барьж хориод байгаа юм. Монголын эдийн засгийг тэтгэдэг шигээ нүүрсний наймаа эрхлэх нь өөрөө асар том эрх ашиг, авилгын том сүлжээ болсон байсныг энэ Засгийн газар зарлаж, тэмцэх болсон.
БЭТ томилсноор гэрээнүүдийг ил болгож түүний ард байх бүлэглэлүүдийг шүүж эхэлсэн. Нөгөө талаас нүүрсний зах зээлийн үнийг тогтоохоор биржээр худалдаалж эхэлсэн байдаг. Шударга ёсны төлөөх тэмцлээс сугарч нууцын зэрэглэлтэй хэмээн халхавчлагдсаар байгаа гурван гэрээ одоо үлдсэн. Түүний нэг нь Бодь групптэй холбогддогийг олон нийт мэдэх болсон.
Тэдний хувьд төмөр замын бүтээн байгуулалтыг хийж төлбөрөө 90 хувийг нүүрсээр 10 хувийг мөнгөөр авч байгаа. Гэвч тэд ганцаараа биш гурвуулаа. Эдгээр компаниуд нүүрсний үнийг зах зээлийн үнээс хэт доогуур авч байгааг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин онцлоод буй. Бодь тэргүүтэй дээрх гурван компанийн хувьд жилийн дундаж үнээс 32 хувиар хямд үнээр нүүрс авах гэрээтэй.
Өөрөөр хэлбэл ам доллараар авч үзвэл жилийн 32 хувийн хүүтэй санхүүжилт авч байна гэсэн үг гэнэ. Тэгээд үр өгөөж нь мухар далий төмөр замтай үлдсэн гэж байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Үндэсний аудитын Ерөнхий газраас ч мөн энэ хохирлыг нэхэмжлэх ёстой гэж Эрдэнэс Тавантолгойн БЭТ-д удаа дараа сануулжээ. Гэвч гэрээг өөрчлөх боломжгүй байгаа.
Эрдэнэс Тавантолгойн БЭТ Ж.Ганбатын хэлснээр оролдлого хийсэн ч чадахгүй байгаа гэхдээ түүний хэлснээр тодорхой түвшинд. Харин тэдний нэг буюу баяжуулах үйлдвэр барьж байгаа компанийн хувьд 90 хувь нүүрс 10 хувь мөнгөөр хийх төлбөрөө 70:30 болгон өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл багахан ч гэсэн улс өөрийн авах ашгаа нэмүүлж чадсан байна. Харин бусад нь ялангуяа Бодь группийн хувьд огт хөдлөхгүй байгаа аж. Магадгүй энэ нь хэн нэгэн БЭТ болон гүйцэтгэх захирлын асуудал биш гэрээ хийсэн өндөр албан тушаалтнуудын хийж хөндөх сэдэв бололтой. Ямартай ч энгийнээр хэлбэл 100 төгрөгөөр худалдах баялгаа 68 төгрөгөөр худалдаад ТӨР өөрөө хохироод сууж байна.