/2023.10.11/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр, Ерөнхий сайдын зүгээс хүүхэд, тэр тусмаа бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн ялын бодлогыг чангатгахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгосон. Энэ асуудлыг урьдчилсан байдлаар МАН болон АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан. Энэ бол ноорог байсан. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн хуулийн төслийн талаар танилцуулья.
Өнөөдөр өглөөний байдлаарх долоо хоногийн гэмт хэргийн статистик мэдээллийг авч үзэхэд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгджээ.
Нэгдүгээрт амиа хорлох гэмт хэрэг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 55 хувиар өссөн, хоёрдугаарт хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар өссөн, гуравдугаарт хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн ийм байдалтай байна. Би өмнө нь хэлж байсан иймэрхүү асуудлуудыг их түгээх нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүст гэмт хэрэг хийх сэдэл болдог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлт
Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар:
Хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх- Бүх насаар хорих ял оногдуулахаар /хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй/ зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох
Өршөөл үзүүлэхгүй байх- Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн /14/, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд
Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй байх /магадлан/- Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн /14/, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанд. Тайлбар: Гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй хүнд хамаарахгүй.
Хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэх- бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгохоор боллоо.
Шүүхээс хүчиндэх гэмт хэрэгт сүүлийн хоёр жилд нийт 432 хүнийг гэм буруутайд тооцож ял оноосон байна. Ял авсан нийт ялтнуудын 22.7 хувь нь урьд нь ял шийтгүүлж байсан хүмүүс байна.
Энэхүү ялтнуудад 2021 оны байдлаар 54.6 хувьд нь 10-15 жилийн хорих ял оноосон байна. 2022 онд 52.04 хувьд нь мөн адил ял ноогдуулжээ. Тэгэхээр энэхүү судалгаа нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, тэр дундаа хүчиндэх гэмт хэрэгт ноогдуулж байгаа ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэдгийн нотолгоо болж байна.
2013-2023 оны хугацаанд бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын гэсэн 3 гэмт хэргийг үйлдсэн 3879 хүн суллагдсан байна. Энэ суллагдсан хүмүүсийн 52.9 хувь нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, 45.4 хувь нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, 1.6 хувь нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүмүүс байна. Энэ 3879 хүнээс 6 хүн дахиж гэмт хэрэг үйлдсэн байна.
Энэхүү хүмүүсийг хаанаас шийдвэрлэж магадлангаар гаргасан байна гэдгийг судалж үзэхэд 77.5 хувь нь шүүгчийн захирамжаар, 12.2 хувь нь хорих ялын хугацаа нь дууссан, 5.6 хувь нь Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдсан 2.6 хувь нь өвчний учраас 0.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, 0.2 хувь нь ерөнхийлөгчийн зарлигаар тус тус суллагдсан байна.
Ялын бодлогыг чангаруулах хүрээнд шийдэгдсэн хоёрдахь зарчмын шинжтэй асуудал бол Эрүүгийн хуульд байгаа бага насны хүүхдийн насны хязгаарыг 14 байсныг 16 болгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого одоо Эрүүгийн хуульд байгаа 14-өөс доош насны хүүхдүүдтэй адил болж байна гэсэн үг.
Хүчиндэх гэмт хэргийн шинжийг 2 хувааж авч үзлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хүчиндэх гэмт хэргийн шинжийг хийхдээ бэлгийн харилцаанд орж хурьцал үйлдсэн үйлдлийг хурьцал үйлдээгүй ч бие эрхтэн, бусад газарт хүрсэн завдалттай адилаар ял шийтгэдэг онцлогтой. Тийм учраас энэ үйлдлийг 2 салгаад хурьцал үйлдсэн буюу төгссөн үйлдлийг ХҮНД гэмт хэргийн ангилалд оруулж ялын бодлогыг 1-5 жил байсныг 2-8 жил болгож хүндрүүллээ.
Хохирогчийн насны ангиллыг ялгамжтай байдлаар тогтоон ялыг чангатгана:
- 0-14 нас, 12-25 жил хорих, эсхүл бүх насаар нь хорих
- 14-16 нас, 8-15 жил хорих
- 16-18 нас, 5-12 жилээр хорих ял онооно.