/2023.10.11/: Израилийн армийн радио болон Палестины эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Израильд 1000 гаруй хүн, Газад 900 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн шархадсан байна.
Израилийн цэргүүд дахин байр сууриа олж авахын хэрээр амралтын өдрүүдийн халдлагын үеэр гарсан аймшиг явдлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бага багаар ил болж байна.
Бямба гарагт Хамас бүлэглэлийн онилсон анхны газруудын нэг болох Израилийн кибутз Беэригээс 100 гаруй цогцос олджээ. Түүнчлэн Израилийн генералын хэлснээр ойролцоох Кфар Аза киббутцаас цогцоснууд олдсон байна.
Тэмцлийн улмаас Газын зурваст хүмүүнлэгийн хямрал болж, гацаанд орсон оршин суугчид хоол хүнс, цахилгаан эрчим хүчгүй байна. Харин Израилийн агаарын довтолгоо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
ХАМАС Израиль руу довтлов: "Газын энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсний хариуд" Хамас Ашкелон руу Газын зурвасаас асар их хэмжээний пуужин харвасан гэж Telegram дээр мэдэгдэв. Энэхүү үйл явдал нь Израилийн өмнөд хэсгийн хотын оршин суугчдын яаралтай 17:00 цагаас өмнө явахыг сануулсны дараахан болсон юм.
Израилийн цэргүүд: Израиль хүн ам шигүү суурьшсан Газын зурваст, ялангуяа Газын боомтод агаарын цохилт өгч байна гэж Израилийн батлан хамгаалах хүчин мэдэгдэв. Орон нутгийн цагаар мягмар гарагийн орой тус анклавтай хиллэдэг Мефалсим хотын ойролцоо ХАМАС-ын зэвсэгт хүчнийхэнтэй тулалдсан гэж тус газрын цэргүүд CNN агентлагт мэдээлжээ. Тус улс хуурай замын ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа энэ үед Израилийн хэдэн арван мянган цэрэг хөдөлж эхэллээ.
Батлан хамгаалахын сайдын анхааруулга: Израилийн цэргүүдэд Хамас бүлэглэлийн эсрэг тулалдахад нь боломжит бүх арга хэмжээг хэрэглэх эрхийг өгсөн гэж Йоав Галлант мэдэгдэв.
Газын зурвасаас зугтаж болох цорын ганц гарцыг цохив: Газын зурвас болон Египетийн хоорондох цорын ганц хилийн боомтыг мягмар гарагт Израилийн байлдааны онгоцнууд устгасан гэж Палестины Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эйяд аль-Бозом мэдэгдэв. Хатуу хяналттай Рафах гарам бол зугтахыг хүссэн Газынчуудын хувьд боломжтой цорын ганц гарц байсан юм. Харин одоо Газын зурвасаас гарах ямар ч аргагүй боллоо гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израильд дэмжлэг үзүүлж байна: АНУ-ын ерөнхийлөгч бямба гарагт ХАМАС бүлэглэлийн үйлдлийг буруушааж, Израиль хариу өгөх эрхтэй гэж мэдэгдэв. Тэрээр АНУ Израилд өөрийгөө хамгаалахад шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлнэ гэж амлав. АНУ уг бүс нутаг дахь “цэргийн хүчээ сайжруулж” Израильд цэргийн тусламж үзүүлж байна гэв. Байден мягмар гарагт мөн мөргөлдөөн эхэлснээс хойш Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай гурав дахь удаагаа “Израилийг дэмжих талаар ярилцсан” гэж Цагаан ордон мэдэгдэв.
Амиа алдсан гадаадын иргэд: Израилд амиа алдсан хүмүүсийн дунд эцсийн байдлаар 14 америк хүн байгаа гэж Байден хэлээд Хамас бүлэглэлийн барьцаанд авсан хүмүүсийн дунд ч АНУ-ын иргэд байгаа гэв. Францын найман иргэн нас барж, 20 хүн сураггүй алга болсон гэж Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна мэдэгдэв. Канадын засгийн газар нэг Канадын иргэн амиа алдаж, гурван хүн сураггүй алга болсон тухай мэдээллээ.
Эх сурвалж: CNN