/2023.08.11/: Сайн дурынхны идэвхтэй оролцоонд түшиглэсэн, хүмүүнлэгийн төлөө хамгийн өргөн сүлжээтэй, хүчирхэг үндэсний нийгэмлэг болох Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Үндэсний чуулган” дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаагийн ээлжит чуулган наймдугаар сарын 10-11-ны өдрүүдэд боллоо.
Тус чуулганд МУЗН-ийн хот хөдөөгийн салбарын анхан болон дунд шатны байгууллагуудаас сонгогдож ирсэн нийт 100 гаран төлөөлөгчид болон Олон улсын Улаан загалмай Улаан хавирга сар нийгэмлэг, бүс нутгийн олон улс байгууллагын төлөөлөгчид оролцов.
Үндэсний чуулганаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, дүгнэхийн хамт МУЗН-ийн 2030 он хүртэл хэрэгжүүлэх Стратегийн төлөвлөгөө, МУЗН-ийн дүрэм зэрэг бодлогын баримт бичгүүдээ шинэчлэн баталлаа. Түүнчлэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Дүрмийн хороо, Санхүүгийн хороо зэрэг удирдах багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонголоо.
Чуулганаар МУЗН-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр сонгов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 2014 оноос МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр, 2019 оноос Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм.
Тэрээр хэлсэн үгэндээ “Манай улаан загалмайчид байгалийн гамшигт үзэгдлүүд, цар тахал зэрэг хүнд бэрх үед иргэдийнхээ амь нас, амьжиргааг асран хамгаалахын төлөө онцгой байдлын алба, эрүүл мэндийн салбарынхантай мөр зэрэгцэн төрдөө нэмэлт хүч болон тэргүүн шугаманд идэвхтэй, шуурхай ажиллаж ирсэн. Хэдий тийм ч эрсдэлийг даван туулах олон нийтийн чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, Монгол Улсын иргэд аюулгүй, эсэн мэнд, амгалан тайван амьдрах, хөгжин дэвжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно. Энэ хүрээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний нийгэмлэгийнхээ хүчин чадлыг бэхжүүлэх, чадавхыг бүх шатанд сайжруулах, үйл ажиллагааг нь улам өргөтгөх, илүү хүртээмжтэй болгох, төр-улаан загалмайн хамтын ажиллагаа болон олон улсын байгууллагатай олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана” гэлээ.
Энэ удаагийн чуулганаар МУЗН-ын ерөнхийлөгчөөр 2010 оноос хойш ажилласан УИХ-ын гишүүн Н.Энхболдыг МУЗН-ийн Хүндэт ерөнхийлөгчөөр сонголоо. Дэд ерөнхийлөгчөөр жүжигчин, СТА С.Ууганбаярыг сонгов.