/2023.05.31/: Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед 1 ой 6 сартай охин алга болсон байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас 15, Ханхонгор сумын Онцгой комиссоос 20, Цагдаагийн газраас 46 алба хаагч, 20 тээврийн хэрэгсэлтэйгээр тухайн газрын ойр орчим, түүнээс гадагш 10 орчим километрийн радиуст самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион явуулж маргааш өглөөнийх нь 09 цаг 40 минутад алга болсон охиныг эсэн мэнд олсон байна.
Иргэд Та бүхэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байж, тэднийг болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ