/2021.10.05/ Монгол Улсад Хууль зүйн алба үүсгэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн байгууллага “СҮЛД” виртуал музейг байгууллаа.
Энэ нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлогтой. Мөн орчин үеийн VR технологийг ашиглан үзэгч бодит орчинд орж биет бус үзмэртэй танилцах юм.
Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялал хийх, даалгавар биелүүлэх боломжоор хангагдсан бөгөөд нэгэн зэрэг 8 хүнд үйлчлэх хүчин чадалтай ажээ.
Музей гурван хэсэгтэй бөгөөд цагдаа, дотоодын цэргийн шилдэг 100 үзмэр, албаны онцлог, танин мэдэхүйн зорилгоор хийгдсэн үзмэрүүд багтсан байна.
Танин мэдэхүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд тус музей нээлттэй.
Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч, хурандаа Ц.Лхагвасүрэн, Монгол Цэргийн Музейн менежер, дэд хурандаа Л.Гантөмөр, Онцгой байдлын албаны музейн эрхлэгч Б.Лхагва, Дотоод хэргийн их сургуулийн музейн эрхлэгч, ахмад Б.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.