/2021.10.01/: Сайд нар хавтгай дээврийг цэцэрлэгжүүлэн зэрлэг байгалын диваажин болон "ногоон" хана бий болгох замаар Их Британийн хотуудыг өөрчлөх ёстой гэж байгаль хамгаалагчид хэлэв.
Шинжээчдийн зүгээс шинэ бүтээн байгуулалт хийхдээ дээврийн хавтгай хэсгийн байгальд ээлтэй болгох талаар үндэсний төлөвлөлтийн бодлогод тусгах зэрэг цаг уурын олон арга хэмжээ авахыг засгийн газраас шаардаж байгаа юм.
Түүнчлэн тэдний тайланд хотуудад мод тарих ажлыг дэмжих, барилгуудыг шинэчлэн ногоон дээвэртэй болгох зорилт тавихыг сайд нарт уриалжээ.
Судлаачид Их Британийн дөрвөн засгийн газрыг уур амьсгалын хямралын улмаас болж буй үер, ган гачиг, хэт халалтаас орон байр, тариалангийн талбайгаа хамгаалахын тулд "байгалийн хүчийг судлахыг" хүсч байгаа ажээ.
Өөрчлөлтөд байгалийн хүчийг ашигласнаар татвар төлөгчдийн мөнгийг урт хугацаанд хэмнэх болно гэж тэд хэлэв.
Өнгөрсөн сард НҮБ-ын 200 гаруй эрдэмтэн "хүн төрөлхтөнд зориулсан улаан кодыг" гаргасан ба байгалийн онцгой үзэгдэлүүд давтагдах болно гэж анхааруулсан бөгөөд хэрвээ дэлхийн удирдагчид хурдан арга хэмжээ авч чадвал сүйрлээс зайлсхийх боломжтой гэж мэдэгджээ.
RSPB /Их Британий байгаль хамгаалах буяны байгуулга/ болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн захиалгаар Их Британийн Байгальд суурилсан шийдлүүд хэмээх шинэ тайланд засгийн газар байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицохын тулд байгаль дэлхийгээ ашиглах талаар шинжээчдийн өгсөн зөвлөмжийг илүү хурдан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Энэ оны эхээр Их Британий Засгийн газар том, жижиг хот, суурин газруудад 44 мянган мод тарих төлөвлөгөөг танилцуулснаар одоо 10 хувьтай байгаа ойн бүсийг багадаа 12 хувьтай болгохоор шинэчилсэн төлөвлөгөө гаргажээ.
Гэхдээ судлаачид үерийн эсрэг байгалийн өөрийн шийдлийг нь бий болгоход илүү их санхүүжилт, дэмжлэг шаардлагатай байгааг хэлээд, мөн хиймэл шулуун голыг дахин эргүүлэх, газрыг сэргээх, хот, сууринд мод тарих зэрэг арга хэмжээ авахыг уриалав.
Талбайн захаар бут налуулж тарих нь үерийн үед хөрсний эвдрэлийг бууруулахаас гадна усны гарцын чанарыг сайжруулахад тусална гэжээ.
RSPB-ийн уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын ажилтан Олли Уоттс хэлэхдээ: "Манай удирдагчид Cop26-н уулзалтанд бэлдэж байх үед бид байгалийн нөхөн сэргээлтэд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн ховордоод байгаа бидний мэдэх далайн морь, халиу, зараа, сарьсан багваахай, зөгий, эрвээхэй, мэлхий зэрэг амьтдыг авраад зогсохгүй хүмүүст бас ашиг тусаа өгөх ба халууны улиралд хотыг хөргөж, бохирдсон агаарыг шүүж, орон байр, аж ахуйн нэгжүүдээ үерээс, эрэг хавийн оршин суугчидыг далайн түвшин нэмэгдэхээс хамгаалах болно гэсэн мессежийг хүргүүлж байна" гэжээ.
Оксфордын Их Сургуулийн “Байгальд суурилсан шийдлүүд”-ийн санаачлагаас гаргасан тайланд засгийн газар бүх боломж, ашиг тусыг тооцоолсноор урт хугацааны хэмнэлт гаргах замаар Их Британийн оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх байгалийн боломжийг ашиглах боломжтой гэжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Уур амьсгалын хэлтсийн дарга Изабелла О'Довд уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулж, хойч үедээ эх дэлхийгээ сэргээн үлдээхийн тулд "засгийн газар утааг эрс бууруулах, байгалиа сэргээх зэрэг уур амьсгалын амлалтаа биелүүлэх нь нэн чухал юм" гэж хэлжээ.
"Бид төсвийн хөрөнгө оруулалтаар удирдуулсан хатуу, амбицтай уур амьсгал, байгалийн төлөвлөгөө бүхий сайд нарын үгийг үйлдэл рүү шилжихийг харах ёстой" гэж тэр нэмж хэлэв.
Өнгөрсөн онд Англид 2500 гаруй хүн хэт халалтаас болж амиа алдсан бол энэ зун гэнэтийн шар усны үер Лондонгийн метроны станцуудыг усанд автуулж, өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлсэний улмаас эмнэлгүүд хуваарьт хагалгаагаа цуцлахад хүрчээ.
Байшингуудын дээврийг цэцэрлэгжүүлснээр зуны улиралд хөрсний зузаан давхарга нь орон байрыг 12С хүртэл хөргөж, өвлийн улиралд дулаан алдахаа хамгаалж, дээврээс бороо, цасны ус нэвтрэх эрсдэлийг бууруудлсан хэмээн 2019 оны тайланд дурджээ.
Эх сурвалж: independent.co