/2021.09.22/ Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орж хэд хэдэн хороо үерийн усанд автжээ.
Тодруулбал, тус дүүргийн 1, 8 дугаар хорооны Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 04 дүгээр хороо, Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хорооны 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хорооны Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автсан байна.
Мөн энэхүү гамшгийн улмаас гурван айлын гэр, 20 айлын хашаа нурж, наймдугаар дугаар хорооны Нарлагийн нэгдүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн байна.
Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 18 хүний амь насыг авран хамгаалж, 1 автомашиныг аюулгүй газарт гаргажээ.
Түүнчлэн үерийн хор уршгийг арилгахаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч түгээх төв, “Чандмань Налайх” ОНӨААТГ-ын нийт 55 ажилтан, алба хаагчид ажиллаж байна гэж мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ