/2021.09.22/: Өчигдөр 16:00-17:00 цагийн үед Налайх, Тэрэлж чиглэлд түр зуурын хүчтэй аадар бороо хүчтэй мөндөр орсны улмаас нөхцөл байдал хүндэрч, олон айл өрх усанд автжээ.
Налайх дүүргийн хэмжээнд үерийн улмаас 3 айлын гэр үерт автаж нурсан бол 20 гаруй айлын хашаа нурсан байна.
Мөн орон сууцны подвал хонгилууд усанд автах, цахилгаан под станц үерт автаж усаар дүүрсэн зэргээс үүдэн хэсэгчилсэн цахилгааны хязгаарлалт хийсэн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 36 алба хаагч 4 автомашинтай, дүүргийн эрчим хүч түгээх төвөөс 7 ажилтан 2 автомашинтай, “Чандмань Налайх” байгууллагаас 12 ажилтан 2 автомашинтай нийт 55 ажилтан, алба хаагч 8 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн 18 хүний амь насыг авран хамгаалж 1 автомашиныг аюулгүй газарт гаргажээ.
Л.Чинбат /Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа/:
Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт усанд автсан айл өрхүүдэд туслах, сэргээн босгох, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимтэй хийх, нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх, цаашид үерийн эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй бүсүүдийг бүсчлэн ялгах, үе шаттай арга хэмжээ авах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна гэж Налайх дүүргийн Шуурхай штабаас мэдээлэл өглөө.