/2022.09.28/: Латви улсын засгийн газар ОХУ-аас хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбогдуулан ОХУ-тай хиллэдэг бүс нутгуудад есдүгээр сарын 28-наас эхлэн гурван сарын хугацаатай онц байдал зарлалаа гэж Засгийн газрын цахим хуудаст мэдээлэв.
ОХУ-д зарласан дайчилгаатай холбогдуулан Латви-н Засгийн газраас Алюксне, Балви, Лудза мужууд болон боомт, нисэх онгоцны буудал, хилийн боомт, төмөр зам зэрэг бүсүүдэд онц байдал тогтоох шийдвэр гаргажээ.
Одоогоор Латви-Оросын хилийн байдал тогтвортой, тайван, хатуу хяналттай байгаа ч Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Латви руу зорчих орос иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгааг мөн цохон тэмдэглэжээ.
"Хилийг хууль бусаар нэвтрэх оролдлого хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд хяналтыг чангатгасан. Гэсэн хэдий ч цагаачдын тоо богино хугацаанд нэмэгдэж байна. Бид нөхцөл байдал хурцдахыг хүлээлгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй" гэж Дотоод хэргийн сайд Кристапс Эклонс мэдэгдэв.
Есдүгээр сарын 19-нд хүчин төгөлдөр болсон шинэ шалгуурыг хангасан орос иргэдийг л тус улсад нэвтрүүлэх болсныг Засгийн газар онцоллоо. "Есдүгээр сарын 19-нөөс өнөөг хүртэл ОХУ-ын 57 иргэнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон. ОХУ-ын нэг ч иргэн жуулчны хувиар Латви улсын хилээр нэвтэрч болохгүй ... Улсын хил хамгаалах алба хяналтаа чангатгаж, бүх хүмүүсийг сайтар шалгаж байна. Мөн хилчид “ногоон” хилээр хууль бусаар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрчимтэй эргүүл хийж байна.” хэмээн мэдэгджээ.
Есдүгээр сарын 1-нд Прага хотноо болсон албан бус уулзалтын үеэр Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар Орос, Европын Холбооны улсуудын хооронд байгуулсан визийг хөнгөвчлөх хэлэлцээрийг түдгэлзүүлэхээр тохиролцсон бөгөөд ингэснээр виз авахад илүү урт, хүндрэлтэй, үнэтэй болж байгаа юм. Мөн ОХУ-тай хил залгаа орнууд ОХУ-ын иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлаж болох тухай тохиролцоонд хүрсэн билээ. Үүний дараагаар Польш, Литва, Латви, Эстони улсууд ЕХ-нд аялал жуулчлал, бизнес, спорт, соёл урлагийн чиглэлээр зорчих зорилго бүхий Оросын иргэдэд зорчих хязгаарлалт тогтоохоор хамтран тохиролцсон байна.