ШИЙДВЭР ГАРГАГЧ |О.Саранчулуун: Ерөнхий сайд Н.Учралд “С” үнэлгээ өгнө
 

ШИЙДВЭР ГАРГАГЧ |О.Саранчулуун: Ерөнхий сайд Н.Учралд “С” үнэлгээ өгнө

Цаг үеийн болоод улс төрчийн үйл ажиллагаа, үзэл баримтлалыг таниулах зорилготой "Шийдвэр гаргагч" булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн О.Саранчулуун уригдлаа.

“ЭВ НЭГДЛЭЭ БАРЬЯ” ГЭЖ ХЭЛЭЭД ХУЛГАЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ

- 2026 оны төсвийн тодотгол батлагдлаа. Уг тодотголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн халамж шаардлагатай иргэдэд яг ямар бодит өөрчлөлт гарав?

Төсөв хоёр төрлийн хэлбэртэй. Хөрөнгө оруулалтын шинжтэй төсөл, урсгал зардлын төсөл байгаа. Хөрөнгө оруулалтын шинжтэй төсөл шууд утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэхгүй ч гэсэн ерөнхийдөө багтсан. Шинээр ашиглалтад оруулж байгаа бүх барилга байгууламж, нийтийн үйлчилгээний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтууд дандаа хүртээмжийн шаардлага, стандартын шаардлагыг хангана гэсэн тодотголтой байгаа. Тэр нь их авууштай. Энэ нь аажмаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зорчих орчны саадууд буурч байгаа гэсэн үг. Урсгал зардал дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхжуулах үйлчилгээ буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд явж байгаа. Тэр төсөл бол буураагүй. Тэр дотор чанарын өөрчлөлтүүдийг хийх талаар оролдлого хийж байна. Тэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүний давуу, сул талыг тодорхойлдог аргачлалыг Монгол Улс нэвтрүүлэх гэж ажиллаж байгаа гэсэн үг. Үүн дээр түлхүү Засгийн газрын гурван яам хамтарч төлөвлөж байгаа. Тэр ажил бол ямар ч байсан хийгдэнэ.

Мөн шинээр оношлогдож байгаа эсвэл төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оношлохдоо зөвхөн эмнэлгийн оношийг нь хэлээд тодорхойлоод орхидог байсан. Харин одоо суралцах орчин ямар байх, ажил хөдөлмөр ямар байх, нийгмийн оролцоо нь ямар байвал энэ хүнд тохиромжтой эсвэл аюултай гэдэг ийм үнэлгээнүүдийг гаргах гэж байна. Энэ нь маш олон салбар дээр тусгагдсан байгаа.

- 2027 оны төсвийн хүрээний төсөөллийн хэлэлцүүлэг өрнөж байгаа. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж болон дэмжлэгийн үр дүнгийн талаар асуудал хөндөгдөөд байсан. Таны тавьсан шаардлага төсвийн төсөлд бодитоор тусаж чадсан болов уу?

Би 2026 оны наймдугаар сарын 10-нд улсын төсвийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй болгох сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гишүүд төсөв хэлэлцэх үеэр иргэдтэй уулзахаар хэлэлцүүлэгт бүрэн оролцуулж чаддаггүй. Ийм асуудал өмнөх жилүүдэд ажиглагдсан учраас наймдугаар сард угтуулаад хэлэлцүүлэг хийсэн.

Мөн 0-2 нас, 3-5 нас, 6-18 настай хүүхдүүд болон насанд хүрэгчид гэсэн ийм амьдралын мөчлөгийн шатлалтай. Тухайн шатлал бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүн байвал эсвэл оношлогдвол гэсэн замын зураглал гаргаж, үүнд чиглэсэн улсын төсвөө цэгцлэх саналыг ЗГ руу явуулсан. Энэ саналууд 40 хувьтай улсын төсөвт янз бүрийн байдлаар орсон гэж сайд нарын мэдээлэл өгч байгаа. Үлдсэн 60 хувь нь болоогүй. Өөрөөр хэлбэл улсын төсвийн зардлын ангилал гэдэг зүйл дотор харагдахуйц сайн томьёологдож ирэхгүй байгаа учраас нэг бол хардалт, нэг бол оновчгүй байдал харагдаж байна.

- 2027 оны төсөв 43 их наяд, 2.4 их наядын алдагдалтай гэж тооцоолсон байгаа. Үүнээс шалтгаалаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсвийг танах магадлал бий юу?

Тийм асуудал байхгүй. “Огт хөндөхгүй” гэсэн амлалтыг сайд нар төсвийн танилцуулгын үеэр ярьж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний зардал, хүнтэй холбоотой аливаа зардлыг бид нар танахгүй гэсэн. Гэхдээ няхуур үзэхээр шууд утгаараа хүний гар дээр очдог бэлэн мөнгө нь хангагдахгүй бараг нэмэгдэж байгаа. Харахад ингээд нэг тусгачихвал болох байсан даа гэж бодогдмоор. Амьжиргааны дэмжих зардлаас илүү бие даах чадвартай холбоотой зардлыг нэмж оруулж чадахгүй байгаа. Яагаад гэвэл дахиад л нөгөө хууль эрх зүйн алдаанаас болоод чадахгүй байгаа гэсэн үг. Шууд буруутгах хэцүү. Гэхдээ сайшааж бас чадахгүй. Дунд нь орооцолдож байж 10 мянган төгрөг хүнд өгөхийн оронд хүүхдэд тохирсон сургалт хийе. Тэгвэл хоёр, гурван жилийн дараа 40 мянган төгрөг үр ашигтай болно гэж тайлбарлаж өгөх хэрэгтэй байгаа юм. Гэтэл яг тэгж тайлбарлаж заадаг хууль нь өөрөө сайн биш. Бүх зардал хуулиа дагадаг учраас хуульд тусгагдаагүй зүйлийг шаардах хэцүү. Миний зорилго бол хуулийг маш хурдан засах ажил байгаа. Үүнтэй холбоотой нэг хууль өргөн барихад бэлэн болоод байна.

- Хүртээмжтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Энэ хууль нь үүнтэй холбогдож байгаа гэсэн үг үү?

Яг зөв. Тийм. Яг энэ багц материал байна. Энэ нь уг хуулийн тухай маш дэлгэрэнгүй зүйлс багтсан. Ойролцоогоор 40 гаруй хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод гишүүдээр гарын үсэг зуруулаад явж байна. Одоогоор 25 гишүүн гарын үсэг зурсан, 30 хувиас хэтрэхгүйгээр гишүүд гарын үсэг зурчих юм бол өргөн барина.

Миний бие болон Ж.Баясгалан гишүүнтэй хамтран үзэл баримтлалыг боловсруулж баталсан байгаа. Ерөнхийдөө процессын шинжтэй хууль. Бүх салбарт төсвийн захирагч нар хүртээмжтэй холбоотой зардлыг төлүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд хуулийнхаа урьд орчны хөгжлийг бүрдүүлэхийн тулд нарийвчлан ажиллаж байна. Үүний тулд https://inclusivedata.mn/ гэдэг сайт хийсэн. Иргэд олон нийт, байгууллага өөрсдөө хүртээмжийг үнэлдэг байх шаардлагатай гэж харж байгаа учраас хийгдэж байгаа сайт байгаа юм. Өөрөөр хэлбэл саадтай байдлын мэдээллийг оруулна гэсэн үг. Иргэд и-монголиа аппликейшнээр дамжуулан орж эрсдэл мэдээлэл гэдэг цэс рүү үсрэнэ. 11-11-т гомдол гаргадаг шиг ажиллана даа. Энэхүү системийг и-монголиа болон Цахим хөгжил, инновацийн яам, ЗГ-ын хэрэгжүүлэх агентлаг, хяналт хэрэгжүүлэх газар хариуцан хамтран ажиллаж байна.

Мөн мянга гаруй төрийн байгууллага хүүхэд хамгааллын бодлого, хүүхдэд ээлтэй орчны хэрэгжилт зэрэг нийтэд хүртээмжтэй бодлогын асуулгыг бөглөсөн байгаа. Систем дээрээс харвал дунджаар 20 хувийн хэрэгжилттэй. За Нэгдүгээрт иргэд өөрөө гомдол өгч байна шүү дээ. Саад бэрхшээл, орчны саад гэх мэт энэ нь иргэдийн хяналт гэдэгт орж явна. Хоёрдугаарт байгууллага өөрсдийнхөө хүртээмжийг үнэлнэ. Гуравдугаар ОБЕГ, хот тохижилт, НЗД-тай хамтран орчны саад бэрхшээлийн аюулгүй орчин түүний хууль хэрэгжилттэй холбоотой уулзалт хийгээд яваад байгаа. Энэ нь бүтвэл хүмүүст ярина гэдэг бодолтой байна. Энд иргэдийн гомдол цуглана зөвхөн орчны хүртээмжтэй холбоотой гомдлууд. Хүүхдэд ээлгүй байна, ахмадад ээлгүй байна гэдэг гомдлууд. Бүгд энэ системд багтана. Яг энэ хууль дээр би бүтэн жил гаруй ажилласан.

- Та эрх баригч намын гишүүн буюу Ардын намын гишүүн. ЗГ дийлэнх нь эрх баригч намаас бүрдсэн. Хэрвээ ЗГ-ын үйл ажиллагаатай таны санал бодол зөрвөл өөрийн байр суурь дээрээ бат зогсох уу эсвэл Засгийн газрын талд зогсох уу?

УИХ-ын гишүүн хувь хүн гэдгээ авч хаяад дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй байгаа төрөл бүрийн иргэдийн төлөө дандаа бодож, аливаад шийдвэрээ гаргах ёстой. Хувь хүний хувьд таалагдахгүй асуудал байлаа. Гэхдээ иргэдэд хэрэгтэй зүйл байх юм бол иргэдийнхээ асуудлыг нэгдүгээрт тавина. Энэ нь өөрөө ард түмний төлөөлөл гэдгийн гол мөн чанар.

Жишээлбэл, Боловсролын сайдтай хүртээмжийн тухай ярив. Гэтэл харааны бэрхшээлтэй хүн л бол брайль үзэх ёстой гэсэн ойлголтоор улсын мөнгийг зарцуулж байна. Энэ буруу. Үүний оронд заримд нь томруулдаг шил, заримд нь брайль ном гэх мэт зохицуулж болно. Энэ бол миний дуу хоолой биш миний ард байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж аавууд, багш нар, тэр хүмүүсийн асуулт. Би үүнийг надаар дамжиж асууж байгаа гэж бодож байгаа. Тийм учраас нэгдүгээрт үүнийг бодож байна.

Хоёрдугаарт намын гишүүн гэдгээрээ намын мөрийн хөтөлбөр. Намын мөрийн хөтөлбөрийг харахаар зургаан мөрийн хөтөлбөр шууд утгаараа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой заалтууд бий. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ай Си Эфийн ангилалтай холбоотой асуудлууд, ногоон орон сууцын асуудал гэх мэт. Миний хувьд мэдээж хэрэг хөтөлбөртөө хүрэхийг зорьж байгаа. Гэхдээ хүрэх арга зам дотор алдаа гарвал засахын тулд дугарч байна гэсэн үг. Миний байр суурийн хувьд зорилго нэг байна гэдэг нэг хэрэг. Хэрэгжүүлэх аргын хувьд буруу арга байвал “буруу байна, судлахгүй байна аа” гэдгийг ярих нь хамгийн чухал. Үүнийг л төлөөллийн үүрэг гэж үзээд байна.

Тэгж байж намын мөрийн хөтөлбөр хазайвал зөв болно. Тэгж байж мөрийн хөтөлбөртөө зөв арга замаар, шинжлэх ухааны амжилттай нотолгоонд тулгуурлаж хүрнэ.

ТӨСВӨӨ ИЛ ТОД БАЙЛГАХТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ САНГИЙН ЯАМ, ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРСДӨӨ ЗОХИСТОЙ ШИЙДЭЭГҮЙ НЬ ТЭДНИЙ БУРУУ

- УИХ-ын гишүүн болсноос хойш та гурав дахь засгийнхаа нүүрийг үзэж байна шүү дээ. Өмнө нь хоёр засаг унасан. Яг одоогийн ЗГ-ын ажлыг дүгнэвэл?

Одоогийн Засгийн газрын хувьд зоригтой үйлдлүүд хийж байна. Гэхдээ бид хүн ам цөөтэй, дээрээс нь чадвартай хүмүүс төрд ажиллах нь цөөн юм байна гэж харж байгаа. Хүмүүс олон удаа солигдож, халагдаад явж байна. Засгийн газар, яам бүрд судалгаа, бодлого, стратегийн алба байдаг мөртлөө зарим асуудлыг яагаад орхигдуулаад байна вэ гэвэл хүний нөөцийн асуудалтай холбоотой. Төрийн алба хүнд, төвөгтэй болчихсон юм байна гэдгийг хамгийн түрүүнд анзаарсан. Заримдаа хүмүүс чадахгүй, мэдэхгүй, ойлгохгүй, судлахгүй байгаа учраас УИХ-ын гишүүн арга аргачлал боловсруулж, өөрөө сайт хийж, өөрөө очиж үзүүлээд хөндлөнгийн шинжээч шиг ажиллаж байна. Олон улсын зөвлөх байдаг шиг Засгийн газрын зөвлөх шиг ажиллаж ирлээ.

Шинэ Засгийн газарт сайшаах зүйл олон бий. Өмнөх жилээс хүртээмжийн талаар илүү их ярьсан нь сайн хэрэг. Харин шүүмжилмээр, алдаатай зүйл нь Төсвийн тухай хууль. Төсвийн тухай хууль болон Сангийн яамны журмын дагуу зардлын ангиллыг ингэж хийдэг гээд байдаг. Би Сангийн яамны журмыг өөрчилж чадахгүй учраас зардлын ангиллыг харж чадахгүй. Энэ миний буруу биш. Төсвөө ил тод байлгахтай холбоотой асуудлыг Сангийн яам, Засгийн газар өөрсдөө зохистой шийдээгүй нь тэдний буруу. Хүртээмжийн талаар ярьж байгаа юм бол Сангийн яам өөрөө журмаа өөрчилж, үүнийг шинэчилж болох байсан. Гэтэл тэгж чадахгүй байна. Төсөв дээр юу туссаныг харж чадахгүй бол амьдрал дээр юу болж байгааг ч харахгүй. Тиймээс бид өөрсдөө ухаж, зардлын цаана юу байгааг шалгаж ажиллаж байгаа нь маш их цаг алдаж, төвөгтэй байдал үүсгэж байна.

Зардлыг асууж, тайлбар нэхэж, шаардлага тавихаар сайд нар уурладаг. Уг нь мэтгэлцээн гэдэг нэг зорилго тавиад, түүнд хүрэх арга замаа ярилцах ёстой зүйл. Бид сургууль, боловсролыг хүртээмжтэй болгоё, хүүхэд бүрийг боловсролтой болгоё гэж зорьж байгаа бол ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан ялгаатай арга барил хэрэгжүүлье гэж ярьж болох ёстой. Тэгвэл тэр арга барил нь юу вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Харин хүүхдүүдийг сайн болгох гэж байхад “Чи яагаад хүүхдүүдийн эсрэг байгаа юм бэ?” гэдэг.

Би шинжлэх ухааны нотолгоо, тоо баримттай зүйл ярихад нөгөө тал мөн адил үндэслэлтэй хариу өгөх ёстой. “Таны арга Хятадад хэрэглэж байсан арга юм байна. Би Финландын аргыг санал болгоё. Үр дүнгийн ялгаа нь ийм учраас энэ мөнгийг төсөвлөсөн” гэж тайлбарлаж болно. Тэгвэл бид “За, ойлголоо” гэж хариулах боломжтой. Гэтэл үндэслэл хэлэхийн оронд намайг муу төлөөлөл, тэнэг мангар гэж хэлж байна. Сэдвийг жижигрүүлж, эмэгтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн эсвэл хэн нэгний хамаатан садан гэдэг дүрээр харуулж, сошиалд “энэ хүн улсыг эсэргүүцэж байна” гэж цацаж байна. Ийм муйхар, хоцрогдсон аргаар төсвийн хэлэлцүүлгийг хэлэлцүүлэг биш болгож байгаа нь ёс зүйгүй, хариуцлагагүй гэж үзэж байна. Энэ асуудал дээр Гэгээрлийн сайд хүртэл “гэгээгүй” хүн шиг харагдаж байна.

- Л.Энх-Амгалан сайд танаас уучлалт гуйсан уу?

Энэ бол надаас уучлалт гуйх асуудал биш. Хариуцлагагүй байдлынхаа төлөө ард иргэдээс уучлалт гуйх ёстой. Би улсын төсвийг шийдэж байгаа төсвийн захирагч, Монгол Улсын боловсролын асуудлыг шийдэж байгаа хүний хувьд үүнийг хэлж байна. “Энэ асуудлыг харалгүй өнгөрсөн байна. Миний алдаа байжээ, засаж залруулъя. Энэ ажил ийм байдлаар явж ирсэн” гэж хэлэхийн оронд ор үндэсгүй нэр хоч өгч ярьж байгаа нь үнэхээр хариуцлагагүй.

- “Түгжэл” гэсэн мэдэгдэл хийсэн байсан

Тийм ээ, “түгжэл” гэсэн. Хуучин улс төрийн аргаар улс төр хийх гээд байгаа юм. Энэ хоцрогдсон арга. Ингэснээр иргэд улсын төсөвт улам итгэхгүй болно. Үл итгэх байдал, сөрөг хандлага улам нэмэгдэнэ.

Үүний оронд хэвлэлийн хурал хийж, бүх төслөө тайлбарлаад, хэвлэлийнхний өмнө ярих хэрэгтэй. Сэтгүүлчид асуулт тавихаар уурлаж, хашхирч, загнадаг. Ингэж байгаа нь Засгийн газартаа өөрөө хор хүргэж, хийж байгаа ажлаа ч татаж унагаж байна. Засгийн газрын хувьд тухайн хүний дээрэнгүй харилцаа, хандлага үнэхээр асуудалтай.

- Байнгын хороодын хуралдаан дээр сайд нар гишүүдийг загнах тохиолдол олон, гишүүд ч их шүүмжилж байна. Эрх баригч нам ёс зүйн асуудал гаргасан гишүүд, сайддаа ямар хариуцлага тооцож байна вэ?

Онолын хувьд, судалгааны талаас харахад хамгийн том хариуцлага нь улс төрийн хариуцлага юм байна лээ. Дараагийн удаа энэ хүнийг нам өөрөө нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдэг дээр хасах оноо авсан хүмүүсээ хасдаг гэсэн үг. Намын зүгээс авч чадах хамгийн том хариуцлага нь энэ.

Түүнээс гадна намын сахилгын хороо шийдвэр гаргаж, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх эсвэл одоо хашиж байгаа улс төрийн албан тушаалаас нь буулгах асуудал бий. Уг нь манай нам хариуцлагагүй үйлдэл гаргасан хүний өмнөөс ард иргэдээс уучлалт гуйж, “Ийм асуудал гарлаа” гээд тухайн хүн дээрээ арга хэмжээ авдаг байсан бол зөв.

Тэгэхгүй байна гэдэг нь нам өөрөө бас асуудалтай гэсэн үг. Би зөвхөн жагсаалтын гишүүн, шинэ гишүүн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гишүүн гэдэг талаас нь харах биш, намтайгаа ажиллах хэрэгтэй гэж боддог. Нам өөрийн бүтцийн хүрээнд энэ асуудалд ил тод, ойлгомжтой байр суурьтай байх ёстой.

Иргэд бидний хийж байгаа зүйлийг зөвөөр харах хэрэгтэй. Гэхдээ миний зорьж байгаа иргэдийн хувьд мэдээллийн хүртээмж чухал. Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс бий. Бусад гишүүд видеогоо шууд оруулаад тавьдаг бол би заавал доор нь хадмал оруулдаг. Энэ бас зардал шүү дээ. Иймээс надад ажлын ачаалал нэмэгддэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг ганцхан Саранчулуун намд хүргэхэд хангалтгүй. Тийм учраас намынхаа бүтцэд холбоо байгуулж, ажиллаж байна. Орон даяар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулж, аймаг, орон нутгийн иргэдийн төлөөлөл болж нэр дэвших боломжийг нь бий болгох хэрэгтэй. Тэр хаалгыг нь нээж өгөх нь миний зорилго.

Дараа нь би тэдэнд мэдсэн, сурсан бүхнээ зааж өгнө. Багш хүний жаргал тэр шүү дээ. Миний бэлтгэсэн хүмүүс нам дотор манлайлж, илүү хүртээмжтэй орчны төлөө ажиллаж байвал анх тавьсан зорилгоо биелүүллээ гэж үзнэ.

Тиймээс намтай холбоотой ажил маань зөвхөн хариуцлага тооцохоор хязгаарлагдахгүй. Яагаад Саранчулуун ийм асуудлыг хөндөж, стресстэж байгаа юм бэ гэдгийг ойлгуулах нь бас миний ажил. Үүнийг сайн хийж чадвал дараагийн сонгуулиудаар хөгжлийн бэрхшээлтэй хүний тавьж байгаа асуудлыг доромжлох нь багасах ёстой. Үр дүн нь надад биш ч миний дараа орж ирэх хүнд мэдрэгдэх ёстой гэж бодож байна.

БИ ШУДАРГА, ЗӨВ ЗАРЧИМТАЙ БАЙХ ГЭЖ ҮЗСЭН ГЭТЭЛ Л.ЭНХ-АМГАЛАН САЙД "БИТГИЙ ДАВАР, П***А ГЭЖ ХЭЛЭЭД ДУНД ХУРУУ ГАРГАСАН

- Ерөнхий сайд Н.Учралын ажлыг та юу гэж харж байна вэ. Засгийн газраа хэр удирдаж, хэр ажиллаж байна гэж дүгнэх вэ?

Би сайд нарын ажлыг салгаж ойлгохыг хичээдэг. Эрүүл мэндийн сайдын ажлыг илүү нухацтай үзэж, хамтран ажиллаж, саналаа өгч байна. Гэр бүлийн сайдтай, Боловсролын сайдтай ч их ажиллаж байгаа.

Сайд нарын ажлыг гурван талаас хардаг. Нэгдүгээрт, төрийн ажил. Яам, тамгын газрын үйл ажиллагаа, бичиг баримт, бодлого нь ямар байгааг харна. Хоёрдугаарт, улс төрийн манлайлал буюу олон нийттэй хэрхэн ажиллаж байгааг дүгнэнэ. Гуравдугаарт, намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрт тусгасан байр сууриа хэр хэрэгжүүлж байгааг харна. Энэ гурван шалгуураар бүх сайд, гишүүнийг үнэлж байгаа.

Улс төрийн манлайлал буюу иргэдтэй ажиллах тал дээр сайд нарын алдаа харагдаж байна. Иргэдээ зөвхөн намын уулзалт, орон нутагт цугласан зуун хүний санал бодлоор төлөөлүүлж харах нь хангалтгүй. Судлаачид түүврийн төлөөлөх чадвар гэж ярьдаг. Гурван сая хүнийг төлөөлүүлэхийн тулд түүврийн томьёогоор 600 хүнээс мэдээлэл авахад хангалттай гэж үздэгтэй адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит нөхцөл байдлыг судлахын тулд төрөл бүрээс нь хүмүүсийг сонгох хэрэгтэй. Орон нутгийн төлөөлөл, нас, хүйс, хүн ам зүйн онцлогийг харгалзах ёстой.

Тэр хүмүүсийн дуу хоолойд үндэслэж ажлаа, Засгийн газрын ажлыг хийх хэрэгтэй. Зарим хэсгийг орхигдуулж, хамгийн түрүүнд ирсэн гомдлыг нь шууд шийдээд байвал бусад хүмүүсийн асуудал улам томорч үлдэнэ. Энэ асуудал гурван сайдын ажил дээр харагдаж байна.

Аубакир сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан агентлаг байдаг учраас олон асуудал тэнд төвлөрч байна. Нийгмийн хамгааллын яаманд ч асуудал овоорсон. Гэхдээ агентлагийн бүтэцтэй болсноор зарим асуудал шийдэгдэж байна гэж үзэж болно.

Батшугар сайдын хувьд эрүүл мэндийн салбарт өмнө нь ажиллаж байгаагүй учраас алдаа байна. Жишээлбэл, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр алдаа гаргаж байна. Гэхдээ манай наймдугаар сард төсвийн хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналыг авч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шүдийг урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр сайд бүрд авах зүйл ч, шүүмжлэх зүйл ч бий.

Барилгын яамтай хамтран ажилласан нэг том ажил бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцны квотыг таван хувиас арван хувь болгож нэмэгдүүлсэн явдал. “Солонго 1, 2” хороололд мянган хүн орон сууцанд ороход 100 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх боломж бүрдэнэ. Энэ ажлыг ажил хэрэг болгосноор Бат-Амгалан сайдын ажлыг сайн гэж үнэлж байна.

Эдгээр сайдын ажлын үндсэн хариуцлагыг Ерөнхий сайд хүлээнэ. Тиймээс Ерөнхий сайд бол яг л толь гэсэн үг. Сайшаах зүйл бий. Харин зарим ажлыг нарийвчлан хянаж, хариуцлага тооцох тал дээр дутуу зүйл байна.

Ерөнхий сайд инклюзив дата болон саадгүй орчинтой холбоотой хуулийг өөрийн манлайллаар дэмжиж байгаа гэж ойлгож болно. Тэр утгаараа хүртээмжийн асуудал дээр сайн гэж хэлнэ. Харин Засгийн газрын кабинетад байгаа сайд нарын хариуцлага, иргэдтэй ажиллах байдал, нотолгоонд тулгуурлаж байгаа эсэхийг хангалттай үнэлж чадахгүй.

- Ерөнхий сайд бас намын дарга шүү дээ.

Тийм, намын дарга.

- Гэтэл нам нь хоёр хуваагдчихсан

Тийм, яг үнэн. Энэ тал дээр хангалттай гэж үзэхгүй. Гэхдээ асар муу гэж бас хэлэхгүй. Дунд зэрэг, “С” үнэлгээ өгч болох юм.

- Төсөв хэлэлцэхийн өмнө 30, 38 гэх хуваагдал ил цагаандаа гарч чуулганг бойкотолж байсан. Та намынхаа дотоод зөрчлийг юу гэж харж байна вэ?

Тэр асуудалд надтай холбоотой зүйл бий. Улс төрийн албан тушаалтан хариуцлагагүй ажилласан учраас би ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой гэж шаардсан. Энэ бол улс төрийн хариуцлагын асуудал. Уучлалт гуйхгүй бол төсөвт Энх-Амгалан сайдын ажилтай холбоотой асуудал орж ирж байгаа учраас “Энэ шаардлагаа биелүүл” гэж хэлээд төсвийн хэлэлцүүлэгт бойкот хийж үзсэн.

Зарим хүн намайг буруутгах байх. Гэхдээ би шударга, зөв зарчимтай байх ёстой гэж үзсэн. Тэгэхэд Л.Энх-Амгалан сайд “Битгий давар, пизда” гэж хэлээд дунд хуруу гаргасан.

Төсвийн асуудал олон хүнийг хамарч байгаа учраас би хариуцлагын асуудлыг ёс зүйн хороонд тавьж, намын Хяналтын хороонд гомдол өгсөн. Гэхдээ энэ үйл явдлаар дамжуулан улс оронд ямар олон асуудал байгааг харлаа. Монголд баригдаж дуусаагүй, талдаа ороод хаягдсан сургууль, цэцэрлэг олон байна. Тэдгээр асуудлыг шийдэх ёстой.

Алдаа дутагдал гаргасан бол хүн алдаагаа хэлж болно. “Энд бид алдаа гаргажээ. Үүнийгээ залруулж, засъя” гэж хэлэхэд хэн буруутгах юм бэ? Буруудахгүй шүү дээ. Улстөрчдөөс би ийм ёс зүй л хүссэн. Гэтэл тэгэхгүй байна.

- Өнгөрсөн тав дахийн чуулганаар та Брайль үсгийн тухай ярьж, таван мянган хүүхдэд зориулсан ном хэвлэх гэж байна гэсэн. Авлига, хулгайн асуудал байж болзошгүй гэж хэлсэн. Энэ асуудал шийдэгдсэн үү?

Би энэ асуудлыг дөнгөж сая хөндсөн. Тендер нь зарлагдсан байсан. Энх-Амгалан сайдын байр сууринаас харахад харааны бэрхшээлтэй бүх хүн Брайль бичгээр л унших ёстой юм шиг ойлгож байгаа бололтой.

Энэ дээр миний хардаж байгаа зүйл нь хэвлэлээр тендер зарлаад тодорхой хэмжээний сурах бичиг хэвлэнэ гэж захиалга хийчихдэг юм шиг байгаа юм. Үнэндээ 116 дугаар сургууль дээр очиж үзэх хэрэгтэй. Сэтгүүлчдийг ч бүгдийг нь уримаар байна. Тэнд нэгдүгээр ангид Брайль бичгээр уншдаг, огт харах боломжгүй найм, ес орчим хүүхэд бий. Үлдсэн нь сул хараатай учраас томруулдаг шил эсвэл том фонт хэрэглэх ёстой.

Тэгэхээр харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд гурван янзын сурах бичиг хэрэгтэй. Брайль бичгийн сурах бичиг, том фонттой сурах бичиг, мөн өнгөний ялгарлыг нь тохируулсан хувилбар хэрэгтэй хүүхдүүд бий. Гэтэл гурван төрөл байх ёстой байхад зөвхөн Брайль бичгээр таван мянган ширхэг хэвлэх захиалга өгчихсөн байна.

Тэр гурван төрөлд тохируулахын тулд эх бэлдэх шаардлагатай. Эхийг 116 дугаар сургуулийн багш нар хүүхдүүдийнхээ онцлогт тааруулж бэлддэг. Тэд үүнийг нэмэлт цалингүй хийж байна. Сургууль дээр Брайль бичиг хэрэглэдэг арав орчим хүүхдийнхээ материалыг багш нар өөрсдөө бэлдэж өгч байхад хэвлэлийн газар зөвхөн хавтас хийхдээ л таван мянган ширхэгээр тооцож байгаа юм шиг харагдаж байна.

Би энэ асуудлыг эцэст нь хүртэл цэгцэлж, Монголын харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол ямар байгааг хөндөнө гэж бодож байгаа. Бид өнгөц хандаж болохгүй. Асуудал дэвшүүлсний дараа чуулган дээр намайг “чи бол төлөөлөл” гэх мэтээр хэлж, үг яриаг минь тасалсан. Энэ бол хувь хүний хувьд хариуцлагагүй үйлдэл. Боловсролын яамнаас надад ямар ч тоон мэдээлэл ирүүлээгүй. Тиймээс би дахин асуулга тавьсан.

- Өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн ногдол ашгийг тойрсон маргаан их гарлаа. Одоогоор орж ирээгүй мөнгийг хүртэл хуваах тухай ярьсан. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Тэр асуудал Хуримтлалын сангийн тухай хуультай холбоотой. Тиймээс хуулийнхаа дагуу шийдэгдэх ёстой гэж бодож байна.

Нөгөө талаас би зоригтой, шийдэмгий алхам хийх хэрэгтэй гэж үздэг. Олон байшин барьчихсан мөртлөө цахилгаан хангамжийг нь шийдээгүй байна. Цахилгаан машинд шилж гэж хэлдэг мөртлөө цахилгааны асуудлаа шийдээгүй. Нүүрсний хэрэглээгээ багасгая гэдэг атлаа цахилгаан, эрчим хүчний асуудлаа шийдээгүй. Тиймээс цахилгаантай холбоотой, эрчим хүчний хөрөнгө оруулалтыг чухал гэж үзэж байна. Энэ асуудлыг улс орон даяар шийдэх нь зөв.

Бас анхаарах зүйл бий. Баригдаагүй, орхигдсон сургууль, цэцэрлэг олон байна. Тэдгээрт хөрөнгө оруулж, заримыг нь барьж дуусгахын оронд “хотхон” гэдэг нэрээр сургуульд мөнгө шилжүүлж, үл хөдлөх хөрөнгийн түрээс төлж байна. Мөнгөний зорилго зөв боловч арга нь буруу байгаа нь харамсалтай. Сургууль, цэцэрлэг, хүүхэд, ирээдүй рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт зөв. Эрчим хүчний салбарт ч хөрөнгө оруулах шаардлагатай.

Харин эмнэлэг барихыг би хамгийн түрүүнд тавих нь зөв гэж боддоггүй. Эмнэлэг бол хүн өвдсөний дараа очдог газар. Бид урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. Хүмүүсийг өвчлүүлэхгүйн тулд биеийн тамир, спортыг нэмэгдүүлэх, эрүүл хүнс үйлдвэрлэх, хилээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хянах, лабораторийн чадавхыг сайжруулах хэрэгтэй. Ийм зүйлд үндэсний хэмжээнд чухал хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

Ерөнхий сайд төлөвлөж байгаа зүйлээ иргэдэд танилцуулаад, ийм тогтолцоотой болсноор хэдэн жилийн дараа хүүхдүүдийн хоол хүнсийг хэрхэн хянах, мах, сүүг яаж шинжлэх талаар тодорхой тайлбарлавал иргэд дэмжиж магадгүй.

Өргөн барьж байгаа хуультай холбоотой хүртээмжийн асуудлууд ч бий. Иргэдэд бэлэн мөнгө өгөхийг эсэргүүцэж байгаа хүмүүс олон. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийж чадах боловч ажилд орох, ажлын байранд хүрэхэд саадтай орчин их байна. Аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу үүд хаалга, ажлын байраа тохижуулж болох ч төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний газрууд хүртээмжгүй хэвээр байна. Хотыг хүнд ээлтэй болгохтой холбоотой шийдвэр гаргаж болох юм. Энэ нь замын бордюрыг засахаас ч илүү ач холбогдолтой гэсэн үг.

- Өөр эх үүсвэрээс санхүүжүүлэх боломж өчнөөн байгаа шүү дээ.

Тийм. Зардлын эрэмбэ, ач холбогдлыг зөв тогтоох ёстой. Ийм хэрэгцээг урдаа тавиад, хуулиа гаргаж, хөрөнгийг нь үүнд зарцуулна гэдгийг хүмүүст ойлгуулбал учиргүй эсэргүүцэхгүй байх гэж бодож байна.

Өнөөдөр иргэд туйлдаж байна. Мөнгөө өөрсдөө авъя гэж байгаа нь зөвхөн мөнгийг нь авах гэсэндээ биш, бүтээн байгуулалтыг зөв зүйлд зарцуулна гэдэгт эргэлзэж байгаатай холбоотой. Хэрэв юунд зарцуулахыг нь ойлгуулж, нүдэнд харагдахуйц, ил тод болговол иргэд хуримтлалын сангийн мөнгийг ийм зүйлд зарцуулъя гэж шийдэх байсан болов уу гэж боддог.

Өнөөдөр хүмүүс “Би идэх хоолгүй байна” гэж хэлж байна. Улстөрчдөд итгэхгүй байгаа учраас мөнгөө өөрсдөө авахыг хүсэж байгаа юм болов уу гэж би анзаарч байгаа.

ХИЙЖ БАЙГАА ХУУЛЬ, АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЙХ ХҮСЭЛ ЗОРИЛГО БИЙ

- Жагсаалтын гишүүдийн тухай ойлголт 2024 оны сонгуулиас яригдаж эхэллээ. Эрх баригч намын зарим улстөрч жагсаалтын гишүүдэд дээрэнгүй, үл тоосон байдлаар ханддаг. Танд ийм хандлага мэдрэгддэг үү?

Ийм хандлага нэлээд их байгаа. Мэдээж олон намын жагсаалтын гишүүд бий. Манай намын жагсаалтын гишүүд харьцангуй шинэ хүмүүс. Би гэхэд МАН-ын гишүүн болоод дөнгөж гурван жил болж байна. Тиймээс намдаа төдийлөн танигдаагүй.

Нөгөө талаас намын олон жил тогтсон соёл, харилцааны хэв маяг, хандлага, биеэ авч явах байдал надад өөр мэдрэгддэг. Би өөрөө улстөрчөөс илүү их сургуулийн багш хүн. Их сургууль, судлаачдын дунд асуудлыг яаж дэвшүүлж, яаж шийддэг вэ гэдэг аргаараа ярьж явдаг. Аливаа зүйлд тоо баримт, үндэслэл, статистик, нотолгоо, онол, дэлхийн чиг хандлагыг хардаг. Зарим хүн үүнийг нуршуу, төвөгтэй, олон юм шаардсан гэж шүүмжилдэгийг ойлгосон.

Гэхдээ энэ бол дөрвөн жилийн асуудал. Таван эсвэл арван жилийн дараа ардчилсан парламентын гишүүн ямар байх ёстойг бидний анх орж ирсэн үеийн асуудлаас харж магадгүй. Тэр үед судалгаагүй хөрөнгө оруулалт хийдэг байсан, харин жагсаалтын гишүүн, судлаач хүн энэ талаар ярьж байсан юм байна гэж цаг хугацаа харуулах байх.

Тиймээс иргэд, улстөрчдийн дээрэнгүй, үл хайхарсан хандлагад нэг их сэтгэлээр унадаггүй. Энэ нь улс төрчид шинэ үетэй нүүр тулахад бэлэн биш байгааг харуулж байна гэж боддог. Зарим хүн нам, улс төрөөс хамааралтай тогтолцоонд байр суурь, амьдралаа авч явдаг. Тиймээс шинэ тогтолцоонд итгэхгүй, хуучин тухтай бүсдээ үлдэхийг хүсэж байна. Гашуун ч гэсэн үнэнийг хэлж, болохгүй байгаа зүйлийг болохгүйгээр нь хэлж, засахын төлөө зогсох нь буруу биш.

Манай улс ижил төстэй орнуудаас 20–30 жилээр хоцорсныг би харж байна. Тэд ч ийм асуудалтай нүүр тулж байсныг уншиж, судалсан учраас үүнийг мэдэж байж энд сууж байгаа. Эмэгтэй хүн, эх хүн гэдэг утгаараа эмзэг асуудал, хүнд нөхцөл байдлыг мэднэ. Гэхдээ эдгээрийг тооцоолж, сэтгэлээ бэлдэж байж улс төрд орж ирсэн.

- Тэгвэл та 2028 оны сонгуульд дахин нэр дэвших үү?

Энэ бол нам, намын гишүүд болон ард иргэдийн шийдэх асуудал. Намын дэргэд холбоо байгуулсан нь цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүн намын квотод байх ёстой гэдгийг нам ойлгож, дэмжиж байгааг харуулж байна. Тэр утгаараа дараагийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн жагсаалтад орох байх гэж бодож байна. Хүмүүсийг хэрэггүй гэж үзээд хаячихгүй л бол орох байх. Намын бүх гишүүн үүнийг ойлгож байгаа гэж итгэж байна.

Нөгөө талаас иргэд аль намаас нэр дэвшсэн жагсаалтын гишүүн, аль тойргийн гишүүн хэрхэн ажилласныг дүгнэх ёстой. Бид ч тодорхой шалгуураар үнэлдэг болох байх. Тэр нөхцөл бүрдээд Саранчулууныг 2028 онд тойрогт эсвэл жагсаалтад дахин нэр дэвшүүлье гэвэл би батлуулсан, хийж байгаа хууль, ажлаа үргэлжлүүлээд явна.

- Хувь хүний хувьд дахин нэр дэвших зорилготой гэсэн үг юм байна мөн үү?

Хийж байгаа хууль, ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэл, зорилго бий. Гэхдээ нэр дэвших эсэхийг нам, намын гишүүд, ард иргэд шийднэ.

- Танай намын гол хуваагдал юунаас болсон гэж та үзэж байна вэ? Шинэ, хуучин гишүүдийн ялгаа юу, эсвэл Ерөнхийлөгчийн тал, нөгөө тал гэсэн хуваагдал уу? Энэ талаар сэтгүүлчид, улстөрчдийн дунд их ярьж байна.

Шинэ, хуучин гишүүдийн хандлагын ялгааг нийгмийн сэтгэл зүйн талаас тайлбарлаж болно. Ажил хийх арга барилын ялгаа ч байгаа. Би чуулганд гурван минут үг хэлэх, асуулт тавихдаа урд өдөр нь бэлдэж, хоёр, гурван хуудас материал, судалгаагаа харж байж ярьдаг. Дандаа судалгаа, нотолгоотой, үндэслэлтэй зүйл шаардаж ажилладаг. Энэ нь хуучин гишүүдэд төвөгтэй, ярвигтай харагддаг байх.

Тэгэхээр нэгдүгээрт, ажлын арга барилын зөрүү байна. Хоёрдугаарт, “шинэ гишүүн ингэх ёстой, хуучин гишүүн тэгэх ёстой” гэсэн хандлагын ялгаа байна. Энэ ялгаа нэлээд харагддаг.

Би “эв нэгдлээ барья” гэж хэлээд хулгайг хүлээн зөвшөөрч болохгүй. “Уламжлалаа барьж байна” гээд буруу зүйл хийсээр байхад нь дуугүй өнгөрч болохгүй. Энэ бол миний хүлээн зөвшөөрөхгүй зарчим. Их сургуульд эрдэмтэд, судлаачид яадаг вэ гэхээр тухайн хүн профессор, дэд профессор байсан ч судалгаанд нь арга зүйн алдаа гарсан бол хэлдэг. “Энэ болохгүй байна” гэж хэлэхэд нөгөө хүн хүлээн аваад засаж залруулдаг. Ийм арга барилаар улстөрчидтэй ажиллах гэхээр хүндрэлтэй байна.

Улстөрчид эрэмбэ дарааг ярих ёстой гэж үзэж болох ч эрэмбэ дараа ярина гэдэг нь хулгай, луйвар, буруу зүйлийг дуугүй өнгөрөө гэсэн үг биш. Энэ зааг ялгааг маш сайн харах ёстой. Ерөнхийдөө зарчим, хандлага, ажлын арга барилын зөрүүнээс ийм хуваагдал харагдаж байна гэж үздэг.

Энд 30 байна уу, 38 байна уу гэдэг тоо гол биш. Би МАН-ыг сонгож, энэ намд ажиллаж байгаа. Энэ бол миний сонголт. Өөрийнхөө сонголтыг чанартай, зөв байсныг өөртөө нотлохын тулд нам дотроо ажиллаж байна. Би намын мөрийн хөтөлбөрийг иргэдийн өмнө хэлж нэр дэвшсэн хүн. Тиймээс мөрийн хөтөлбөрийнхөө өгүүлбэр бүрийг ажил хэрэг болгох гэж явж байгаа.

Энэ утга санаа тухайн бүлгийн гишүүдэд ч байгаа гэж бодож байна. Бид намын даргаа хүлээн зөвшөөрч, сонголтоо хийсэн. Хүн бүр өөрийнхөө сонголтод хариуцлага хүлээх ёстой. “Энэ нам хэрэггүй юм байна, би энэ намыг орхилоо” гэж бодохоос илүү хийсэн сонголтоо чанартай болгох гэж тал талаасаа ажиллаж байгаа болов уу.

Манай 30-ын хувьд би тэр талд бичигдээд байгаа. Гэхдээ хийсэн сонголтоо ач холбогдолтой, үнэ цэнтэй байсныг өөртөө нотлох гэж зүтгэж байгаа хүн. Дандаа нотолгоо, баримт, судалгаа ярьдаг учраас л адлагдаж байгаа байх гэж бодож байна.

- Ярилцсанд баярлалаа

Б.АМИРДАА

Ч.Ундрам: “Орон сууц захиалагч иргэдийн хохирлыг барагдуулах тухай” нэг удаагийн хууль санаачилна
Ч.Ундрам: “Орон сууц захиалагч иргэдийн хохирлыг барагдуулах тухай” нэг удаагийн хууль санаачилна
 
ЗАСАГ | Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн хохирлын талаар хэлэлцэнэ
ЗАСАГ | Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн хохирлын талаар хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.