
Эхлээд сошиал медиа, хэвлэл тэгээд 461..
Монголд үг хэлэх эрх чөлөөний ойлголт хоёр туйлд хуваагдах ажээ. Хэн нэгэн эрх мэдэлтэн мөнгөөр хэвлэл тэжээнэ. Тэгээд өөрийнх нь эсрэг үг бичсэн сэтгүүлчийг “Захиалгаар гүтгэлээ” гэж занаад, бас л захиалгатай хэвлэлээрээ өмөөрүүлнэ. Ингээд аль нэг тал нь гайгүй баримттай хулгайг нь илрүүлбэл гомдогч талын арга барил өөрчлөгдөнө. АТГ, Хууль хүчний байгууллагад хуудас, хуудас зузаан материал гаргаж өгч хэвлэл дуудаж сүр дуулиантай мэдэгдэл хийгээд л.. Гол нь мань этгээдийг энэхэн хугацаанд хэн ч шалгаж, хүрч чадахгүй нь тодорхой “алтан цаг” урсаж буй. Манай улс төрийн өнгө нэг иймэрхүү өрнөөд 30 гаруй жил, хэвлэл сошиал амталгаанд нь оролцоод 10 гаруй жил эрчимтэй өрнөв.
Айлгах дамжааны нэгдүгээр курс
Улс төрчид дундаа тэр дээр суугаа нэгэн албан тушаалтан хэвлэл мэдээлэл, сошиал медиад нийгмийн идэвхтэй дуу хоолой болдог хүмүүст онцгой гомдох ажээ. Хэрэв тэр хүний талд орж дуугараагүй бол эхлээд тороол, бот хаягуудаар газар дор ортол доромжлуулж дараа нь “Тодорхой нэгэн албан тушаалтны гомдлоор 30 хоног цагдан хорилоо” гэсэн мэдээ хууль юм шиг гарна. Ингээд 30 хоног төрийн айдас дарамт мэдэрсэн түүнийг прокурорын зөвшөөрөлтэй суллаж орхино. Суллагдсан өдрөөсөө хойш мөнөөх этгээд харин ч нэг хонины морь шиг номхрох бөгөөд нөгөө өөрт нь айхтар гомдсон хаан суудалд суугаа хүн рүү ширхэг үг шидэхээ больдог нь гайхалтай. Шалгагдаж байсан хэрэг нь түр зуур царцахын ялдамд, аль нэг эрх мэдэлтний ширээнд гацаж орхино. Ийм маягаар ер бусын вакумждаг тэр суудалд суугч хүн бол Монгол Улсын төрийн дээд албан тушаалтан. Мэдээж бүгд хүндлэх нь зүй, доромжилж гүтгэж болохгүй, хуулиараа ч тэр. Гэхдээ.?
Гэхдээ нэг асуудал бий. Сэтгүүлч хүний хувьд нэгэн эмзэглэл байдаг нь тэр албан тушаалтныг тойрон хүрээлэгчдийн маш сонирхолтой дотоод нягтрал буюу эрс вакумжуулж орхидог нэг жишээг хөндмөөр санагддаг. “Тэр” суудалд очсон хүн болгон ажлаа өгөхөөс өмнөх сүүлийн 2 жилдээ “гомдох нь эрс ихэсдэг” нь албан тушаалын хэнээрхэл гэхээс илүү өөрийгөө бусдаас илүү гэж бодож эхэлдэг, ингэж бодож эхлэхэд хүргэдэг тойрон хүрээлэлд нь байна уу гэж бодогдох. Хууль хүчнийхэн, улс төр, бизнесийн хүрээнийхэн, гадаад дотоод зочин гийчид бүгд ёсолж, мэхийхийн хэрээр...
Би бээр энэхүү нийтлэлдээ нэг ч нэр, албан тушаал бичээгүй нь учиртай. Айдсын дамжаанд суухыг хүсээгүйдээ бус хувь хүн гэхээс илүү хувь албан тушаалын онцлогийг хөндмөөр санагдсанд тэр. Дарангуйлал, дэглэм, авторитар тогтолцооны “реклам” болж харагддаг тэр суудал лав л сүүлийн 3 эзэндээ дандаа л айдсын дамжааны багш сэтэр зүүж өгсөн нь тохилдол биш болой.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.