
Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрд иргэдийн орлого, байгалийн баялгийн өгөөж, төрийн хариуцлагын асуудал гол сэдэв байлаа. УИХ 2026 оны төсвийн тодотголыг баталж, цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргав. Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийн зарцуулалтаар иргэдийн саналыг авч эхэлсэн бол Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаатай холбоотой асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ. Мөн сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорих шийдвэрийг хүчингүй болгож, төрийн худалдан авалтыг хянан шалгах сонсголын товыг тогтоосон нь анхаарал татав.
2026 оны Төсвийн тодотгол батлагдлаа
УИХ 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. Тодотголоор төсвийн нийт зарлага 33.9 их наяд төгрөгт хүрч, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцжээ. Засгийн газар төсвийн урсгал зардлаас танасан хөрөнгийг иргэдийн орлого, амьжиргаа болон эрчим хүчний бэлтгэлийг дэмжихэд чиглүүлж буйгаа тайлбарласан. Иргэдэд шууд нөлөөлөх өөрчлөлтүүд арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тодруулбал, Засгийн газар төсвийн тодотголыг төрийн зардлыг танаж, хэмнэсэн хөрөнгийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалалд чиглүүлсэн шийдвэр хэмээн тайлбарлав. Уг шийдвэрт,
- 435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100–300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг 26 хувиар нэмэгдүүлж, 600 мянган төгрөгт хүргэх;
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувь, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг 35 хувь, бусад төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50 хувь нэмэгдүүлэхээр тусгажээ. Ийн дахин цалин хөлс, тэтгэвэр нэмэгдэж иргэд баярлах ч улсын эдийн засаг сөхөрч, инфляц өсөх эрсдэл дахин үүслээ.
Оюу толгойн гурван их наяд төгрөг иргэдэд үлдэх үү эс үлдэх үү
Оюу толгой Монгол Улсад ирэх онд ногдол ашгийн орлогоор гурван их наяд төгрөг төвлөрүүлэх хүлээлттэй байгааг Засгийн газар мэдээлж, уг хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс e-Mongolia системээр санал авч эхэлсэн нь энэ долоо хоногийн улс төрийн анхаарал татсан сэдвийн нэг байлаа.
Засгийн газрын танилцуулсан хувилбарт нэг их наяд төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наяд төгрөгийг эдийн засгийн суурь хөгжлийг тэлэхэд, тухайлбал эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахад чиглүүлэх санал багтжээ. Гэвч Сангийн сайд З.Мэндсайхан ногдол ашгийг шууд зарцуулах боломжгүй, иргэдийн хуримтлалын дансанд байршуулах зохицуулалттайг гэж тайлбарласан байдаг.
Нэгдүгээрт, иргэдээс зарцуулалтын талаар санал авч байгаа бол тухайн санал хуульд заасан хуримтлалын зохицуулалттай хэрхэн нийцэх талаар мөн Хоёрдугаарт, ногдол ашгийн орлого төлөвлөсөн хэмжээгээр орж ирээгүй тохиолдолд иргэдэд өгсөн амлалт, төсөвт тусгасан тооцоогоо Засгийн газар хэрхэн зохицуулах талаар тусгаагүй нь иргэд болон улс төрчдийн шүүмжлэлийг ихээхэн хүртэв. Угтаа бол орж ирээгүй мөнгийг булаалдаж ам уралдан байгаа. Ийн ам уралдан байгаа ч одоог хүртэл дорвитой шийдвэргүй байгаа бөгөөд иргэд баялгаа дансандаа авах хүсэл сонирхолтой, харин Н.Учрал бүтээн байгуулалт хийнэ гэсээр хоёр талд гарсан долоо хоног өнгөрөв. Одоогоор санал асуулгын дүн гараагүй ба хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм.
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулав
Аравдугаар сарын 16-нд УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа. Шинэ зохицуулалт нь геологийн судалгаа, эрэл хайгуулыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, байгалийн баялгаас орон нутагт хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.Онцлох өөрчлөлтүүдийн нэг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зохицуулалт юм. Мөн зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгажээ. Энэ нь уул уурхайн нөлөөлөлд өртдөг орон нутгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой. Гэвч хуулийн зорилго бодит үр дүн болох эсэх нь хэрэгжилтээс хамаарна. Орон нутагт нэмэгдсэн хөрөнгө иргэдийн амьдрах орчин, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээнд хэрхэн зарцуулагдаж байгааг хэмжих, тайлагнах тогтолцоо чухал хэвээр байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудал олон улсын анхааралд оров
Олон улсын парламентын холбооны Парламентын гишүүдийн хүний эрхийн хороо УИХ-ын гишүүн Э.Болормаатай холбоотой асуудлаар албан ёсоор хэрэг нээж, түүнд тогтоосон хилийн хоригийг цуцлахыг холбогдох байгууллагуудад уриалжээ. Түүнд сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад учруулахтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хилийн хоригийг шүүх 2026 оны гуравдугаар сард тогтоосон талаар мэдээлсэн байна.
Э.Болормаа уг асуудлыг улс төрийн зорилготой байж болзошгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ энэ бол түүний байр суурь бөгөөд одоогоор олон улсын байгууллага хэрэг нээсэн нь хүний эрх зөрчигдсөн эсэхийг эцэслэн тогтоосон шийдвэр биш. Гэсэн ч уг асуудал Монголын хууль, шүүхийн ажиллагаа зөвхөн дотоодын улс төрийн маргаан төдий бус, парламентын гишүүний бүрэн эрх, зорчих эрх чөлөө, шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд олон улсын анхааралд орсныг харууллаа.
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт орууллаа
Мөн аравдугаар сарын 16-нд УИХ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Шинэ зохицуулалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Өөрчлөлтөөр янжуур болон электрон тамхинд тавих татвар, хяналтын зохицуулалтыг уялдуулахын зэрэгцээ жимс, гаа зэрэг амт, үнэр оруулсан тамхины бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоохоор болжээ. Тамхины хэрэглээг бууруулах, ялангуяа өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах нь хуулийн гол зорилго юм.
Сэтгүүлч Т.Шинэбаярыг суллав. Цагдан хорих шийдвэрийн үндэслэл юу байв?
Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдлын дараа баривчилж, улмаар прокурорын саналаар 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Харин аравдугаар сарын 16-нд шүүх уг цагдан хорих захирамжийг хүчингүй болгож, сэтгүүлчийг сулласан байна.
Сэтгүүлчийг сулласан нь эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдсэн, эсвэл түүнийг гэм буруугүй гэж тогтоосон гэсэн үг биш бөгөөд Шүүх зөвхөн цагдан хорих тухай захирамжийг хүчингүй болгосон. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний үүднээс цагдан хорих нь мөрдөн шалгах ажиллагаанд тулгуурласан байх ёстой. Гэтэл анх цагдан хорих арга хэмжээ авсан хуульд заасан үндэслэлийн талаар ямар нэг тайлбар мэдээлэл огт дурдаагүй нь хачирхалтай.
“Акуа гарден”-ы маргаан Дээд шүүхийн шатанд шилжив
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар “Акуа гарден”-тай холбоотой захиргааны хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Маргааны өмнөх шатуудад өөр өөр шийдвэр гарсан бөгөөд одоогоор хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Энэ маргаан нь зөвхөн нэг орон сууцны төслийн асуудал биш. Хот төлөвлөлт, барилгажилт, захиргааны шийдвэрийн хууль ёсны байдалтай холбоотой маргаанд иргэд, байгууллагуудын эрх ашгийг хэрхэн хамгаалж байгааг харуулах жишээ юм.
Одоогийн шатны шийдвэр эцсийн дүгнэлт биш учраас хэн нэгнийг хууль зөрчсөн гэж урьдчилан дүгнэх боломжгүй. Харин шүүхийн эцсийн шийдвэрээр ямар үндэслэл тогтоогдож, хот байгуулалтын шийдвэр гаргах үйл явцад ямар зарчим баримтлах нь тодорхой болох учиртай.
Шийдвэр олон ч хэрэгжилт НОЙЛ
Аравдугаар сарын 12-18-ны долоо хоногийн үйл явдлыг нэгтгэн харвал төрөөс иргэдийн орлогыг дэмжих, уул уурхайн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн хамгаалалтыг сайжруулах чиглэлд хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Нөгөө талд төсвийн хоёр их наяд төгрөгийн алдагдал, тендерийн ил тод байдал, малын хорогдол, зэрлэг амьтдын суурьшлын бүсэд орж ирэх эрсдэл зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд хэвээр байна. Ирэх өдрүүдэд дараах гурван асуудал хамгийн чухал хэвээр үлдэнэ.
Нэгдүгээрт, цалин, тэтгэврийн нэмэгдэл өрхийн худалдан авах чадварт хэрхэн нөлөөлөх, төсвийн алдагдлыг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ гэдэг асуудал.
Хоёрдугаарт, Оюу толгойн ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орох орлогыг иргэдэд бодит өгөөжтэй болгох, зарцуулалтыг ил тод байлгах шаардлага.
Гуравдугаарт, хууль, бодлогын шийдвэрүүд бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг хэмжих гэсэн гурван асуудлыг анхаарал тавьж, чих тавих нь зүйтэй. Мэдээж шийдвэр олон байх тусмаа хэрэгжилт НОЙЛ байдгийг түмэн андахгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.