/2023.08.11/: Nvidia компани мягмар гарагт хиймэл оюун ухааны моделиудыг ажиллуулах зориулалттай цоо шинэ чип танилцуулж, AMD, Google, Amazon зэрэг энэ салбарт өрсөлдөгч компаниудаасаа хэд хэдэн алхмын урд яваагаа зарлав.
Одоогоор тус компани AI чипний зах зээлийн 80 хувийг дангаараа хангадаг гэсэн тооцоо байдаг. Nivida анхнаасаа график боловсруулах процессор буюу GPU үйлдвэрлэж ирсэн ба хиймэл оюуны технологи хөгжүүлэлтэд хамгийн тохиромжтой GPU нь тэдний үйлдвэрлэдэг чип болж таарснаар том хэмжээний AI моделиуд болох Google Bard, OpenAI компанийн ChatGPT зэрэг агуулга үүсгэх чадвартай хиймэл оюуны программуудыг асуудалгүй ажиллуулахын тулд Nvidia GPU ашиглах нь зайлшгүй шаардлага болж хувирсан юм.
Гэвч Microsoft зэрэг технологийн аварга компаниуд, гарааны бизнесүүд, үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгчид бүгд өнөө үед өөр өөрсдийн AI модель хөгжүүлэх гэж хичээж байгаа тул Nvidia-ийн AI чип ховрын бараа болж хувираад байна.
Харин энэ удаа танилцуулж буй шинэ чип GH200 нь одоогоор тус компанийн үйлдвэрлэж буй хамгийн өндөр багтаамжтай AI чип болох H100 загвартай ижил GPU-ээр тоноглогдсон ч үүн дээр нэмээд 141 гигабайтын санах ой, 72 цөмтэй ARM төв процессортой болсон тул “өмнөх загвараасаа хавьгүй илүү хүчин чадалтайд эргэлзэх зүйлгүй. Бид дэлхийн бүх дата төвд хүчин чадлаа тэлэх боломж олгож байна” гэж Nvidia компанийн ерөнхий захирал Женсен Хуан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Шинэ чип нь ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд тус компанийн дистрибьюторууд дээр бэлэн ирэх төлөвлөгөөтэй ба туршилтын загваруудыг 2023 оны сүүлч гэхэд хэрэглэгчдэд санал болгоно гэж компанийн зүгээс мэдээллээ. Харин одоогоор уг чипийг ямар үнээр борлуулах талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Хиймэл оюун ухааны загваруудтай ажиллах үйл явцыг ихэнхидээ хоёр хувааж авч үздэг бөгөөд эхнийх нь AI модель сургах үйл явц байдаг бол удаах нь AI модель ашиглан боловсруулалт хийх юм.
Дарааллын хувьд эхний ээлжинд асар их хэмжээний өгөгдөл цуглуулан, AI моделийг сургана. Үүний тулд хэдэн сарын хугацаа зарцуулж, үүндээ Nvidia компанийн үйлдвэрлэдэг A100, H100 болон түүнтэй ижил төстэй хэдэн мянган GPU нэгэн зэрэг ажиллуулах болдог. Үүний дараа нэгэнт сургасан моделио ашиглан агуулга үүсгэх, таамаглал хийх боломжтой болох бөгөөд үүнийг боловсруулалт хийх гэж нэрлэж байна. Сургах үйл явцтай нэгэн адилаар боловсруулалт хийх буюу команд өгч текст бичүүлэх болон зураг дүрслэл үүсгүүлэх үед хиймэл оюун ухааны программд үлэмж хэмжээний тооцоолон бодох хүчин чадал шаардагдана. Ялгаа нь гэвэл AI-г шинээр сургах буюу шинэчлэл хийх тохиолдолд л сургах үйл явц явагддаг бол боловсруулалт хийх үйл ажиллагаа нь бараг тасралтгүй шахуу өрнөдөг онцлогтой.
Nvidia-ийн ерөнхий захирал энэ талаар онцлохдоо “Ямар ч том хэмжээний AI модель дээр шинэ чип ашиглан боловсруулалт хийлгэж болно. Гүйцэтгэл үнэхээр тасархай байх болно. LLM буюу хэл ярианы аварга моделиудыг ашиглан боловсруулалт хийлгэх зардал буурна гэж амалж байна” гэжээ.
Үүний учир нь шинээр танилцуулж буй GH200 чип нь өмнөхөөсөө хавьгүй илүү их санах ойн багтаамжтай учир AI боловсруулалтад төгс тохирсон чип болж, нэг компьютер дээр ямар ч том AI моделийг дангаар нь багтаан ачаалах боломж олгож байгаад оршино гэж тус компанийн дэд ерөнхийлөгч Яан Бак сэтгүүлчийн утсаар авсан тодруулгад хариулсан юм. Nvidia H100 нь 80гб багтаамжтай байдаг бол GH200 нь 141гб багтаамжтай болсон талаар бид дээр дурдсан. Үүгээр ч зогсохгүй нэг компьютерт зориулсан хоёр ширхэг GH200 багтаасан шинэ систем бүтээж байгаагаа ч тэд мэдэгдсэн ба одоо ашиглагдаж байгаа AI моделиудаас илүү том модель ашиглахад зориулагдсан аж. Энэ талаар дэд ерөнхийлөгч Бак тодруулга өгөхдөө “Иймэрхүү их багтаамжтай чип ашигласнаар нэг AI модель ажиллуулахын тулд олон GPU, олон систем нэгэн зэрэг ажиллуулах шаардлага байхгүй болно” гэсэн байна.
Nvidia компанийн энэ мэдэгдэл нь мэдээж хэрэг хамгийн хүчтэй өрсөлдөгч AMD компани саяхан AI технологид зориулсан 192гб багтаамжтай MI300X чипээ олонд танилцуулж, AI моделийн боловсруулалтад ашиглахад хамгийн тохиромжтой гэж сурталчилж байгаад барьж буй хариу гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин тэдний өрсөлдөгчид болох Google, Amazon компаниуд AI боловсруулалтад зориулсан өөрсдийн гэсэн чип хөгжүүлж байгаа мэдээлэл гараад байгаа билээ.
Эх сурвалж: cnbc