/2022.8.3/ Говь-Алтай аймаг, Дөргөн нуурын эрэгт 12-14-ний өдрүүдэд "Алтайн залуус" чуулга уулзалт болох гэж байна.
Тус аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар болж буй энэ уулзалтын зорилго нь ганц бие залуусыг танилцуулах ажээ. Уулзалтад оролцохын тулд залуус гэр бүлгүй байх үндсэн шалгуурыг хангах ёстой. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой ажээ.
Одоогийн байдлаар уулзалтад оролцохоор 300 гаруй залуус бүртгүүлсэн байна. Засаг дарга О.Амгаланбаатар:
-Иргэдтэй уулзаад явж байхад олон бодитой мэдээллийг сонслоо. Малчны хотхонд очоод эмчийн үзлэг хийлгэхэд 20, 30 настай залуус нь цусны даралтны өвчтэй, арав, хорин жил эмнэлэгийн үйлчилгээ аваагүй байна. Ийм учир хорт хавдрын өвчлөлөөр улсдаа дээгүүр орж байна. Тэр дундаа залуучууд суурь өвчин их байна.
Хоёрдугаарт, хувь хүний хөгжил тал дээр огт анхаараагүй байна. Мөн гэр бүл төлөвлөлтийн асуудал үнэхээр хоцрогджээ. Хөдөө орон нутаг дахь залуусын хүйсийн харьцаа ихээр алдагджээ. Ингээд залуусаас та нарт ямар санал байна гэхэд "Залуустайгаа уулзах, танилцах боломжоор хангаж өгөөч ээ. Ийм зохион байгуулалт хийдэггүйгээс болоод залуус энд түгжигдсэн байдалтай байна" гэдэг санал хүсэлтийг өгсөн.
Цус ойртолтын асуудал нь мөн манай аймагт хамгийн өндөр байна. Тийм учир сум сумын залуусыг хооронд нь уулзуулзаж танилцуулъя. Өнөөдрийн байдлаар 300 гаруй хүн бүртгүүлсэн байна. Бүртгэл 10-нд хаагдана. Бүртгүүлсэн бүх хүнийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамруулна. Мөн гэр бүл төлөвлөлт, бизнес эрхлэх талаар гэх мэт мэргэжлийн зөвлөгөө өгүүлнэ" гэлээ.