/2022.03.18/: Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдлыг хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж. Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс өдгөө 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг өрнүүлж буй бөгөөд мал төллөж байгаа энэ цаг үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсныг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун танилцуулав.
Малын гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг Шадар сайд холбогдох албаныханд үүрэг болгов.
Эх сурвалж: ЗГ