/2021.09.14/ Хаашаа ч харсан, хаа ч явсан коронавирусын олон төрлийн хувилбар таныг отож буй.
ДЭМБ, эрүүл мэндийн яамнаас өдөр бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөж байна.
Олон ч хүн цахим орчинд цар тахалтай зохицож амьдрахаас өөр сонголтгүй талаар нийтэлж өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх юм. Бид коронавирусээс "зугтаж" хатуу хөл хорио нэр дор орлогын эх үүсвэр, хувиараа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ нэгэнтээ шархдуулж, мөн сурагч дүү нарынхаа танхимаар сурч боловсрох хугацааг нь дөрвөн ханын дунд түгжиж орхисон билээ.
Гагцхүү уншигч таны халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ухамсар л аюулт тахлын эсрэг авч чадах арга гэдгийг бүү мартаарай.
Улсын баяр наадам хэмээн баруун аймгаар аялж зугаалсан иргэд, уул усаа тахисан төрийн өндөрлөгүүдийн балгаар Баян-Өлгий, Ховд аймгийн тохиолдол эрс ихэссэн. Аймаг тус бүр дотооддоо яаралтай арга хэмжээ авсны үр дүнд халдварын тохиолдол буурсан.
Мөн анхдагчуудын өлгий нутаг гэгддэг Булган аймагт найр, хурим хийснээс болж халдварын 20 гаруй тохиолдол илэрсэн.
Аймаг тус бүр дотооддоо халдвараа ийнхүү алдаж байгаа нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахгүй байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Намрын салхинд үелзсэн
Найгал сайхан долгиотой
Наран хурын шим юм аа хө
Навчин ногооны дээж юм аа хө
Ургацын далай, ургацын далай. Ийн дуулах өдрүүд эхэлж, тариа буудайг далай адил ихээр тариалдаг аймгуудад сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж эхэллээ.
Оюутан залуус ихээр очиж ургац хураалтад оролцож байгаа энэ цагт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриалж байна.