/2021.08.31/ Коронавирусын халдварын тохиолдол орон нутагт өргөн тархаад буй.
Алтай Таван Богд, Сүүн гол, Ёлтын сав газар, Потаны мөсөн гол зэрэг үзэсгэлэн төгөлдөр байгалийн сайхныг цогцлоосон Баян-Өлгий аймгаар аялж зугаалж байгаа нийслэлчүүдийн зураг цахим орчноор нэг давлагаалсан. Угаас баяр наадмын өдрүүдэд арав хоног амрах засгийн лүндэн буусан сан.
Үүнийг ашиглаад нийслэлчүүд олноороо Баян-Өлгий аймгийг зорьсон. Албаныхны мэдээлж буйгаар тус аймагт зорчсон дотоодын жуулчдын тоо 25 мянгад хүрчээ.
Халдварын тохиолдол тогтмол цөөн гарч байсан тус аймагт наадмын дараа эрс нэмэгдэж өдөрт хоёр гурван зуугаараа илэрсэн юм. Үүнийг хагас жилийн хугацаанд хөл хорионд байж, хөдөө явахын "хүслэн" болсон бид халдвараа тэндээ үлдээгээд ирсэн юм биш байгаа гэж хардахад хүргэж байгаа юм.
Өдөр бүрийн халдварын тохиолдол зуу давж байгааг анзаарч цочирдсон аймгийн удирдлагууд наймдугаар сарын 15-аас эхлэн арав хоногийн турш аймаг руу орох хөдөлгөөнийг хорьж, хөл хорио тогтоосон. Гэсэн ч нэгэнт дэгдсэн халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар намжаагүй байна.
Халдвар дэгдсэн дараагийн байршлаар Ховд аймаг нэрлэгдэнэ.
Баяр наадмын аялал зугаалгаас гадна олон зуун "жийп" машин хөлөглөсөн ерөнхийлөгчийн албаныхан мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолыг наймдугаар сарын долооны өдөр үйлдсэн. Мөн л энэ цагаас хойш халдварын тохиолдол ихэссэн юм.
Доорх тоон үзүүлэлтэд долдугаар сарын нэгнээс эхлээд наймдугаар сарын 30-ыг хүртэлх халдварын тохиолдлыг харуулж байна.
Халдварын тохиолдол эрс нэмэгдсэн Ховд аймагт тун удахгүй хөл хорио тогтоовол гайхах зүйлгүй болж байна.