/2022.12.05/ Иргэд өчигдөр Сүхбаатарын талбайд "Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла" хэмээн Засгийн газраас шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Тэд өглөө 10.00 цагаас оройны 00.00 хүртэл жагссан юм.
Тэгвэл жагсаал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэдний ихэнх нь оюутан залуус бөгөөд зарим сургуулийн оюутнууд хичээлээсээ чөлөө аван жагсаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Гэвч 15.00 цагийн үед жагсаал хурц хэлбэрт шилжиж иргэд Төрийн ордон руу дайрч орохоор оролдлоо. Улмаар цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа зузаатгаж, иргэдийг ордон руу орохоос сэргийлж байна. Түүнчлэн жагсагчид хэт олуулаа бөөгнөрч, чихэлдсэний улмаас нэг иргэн ухаан алджээ. Тиймээс түргэн тусламжийн машин тусламж үзүүлэхээр ирсэн байна.
Иймд иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, аль болох тайван замаар жагсаал цуглаан хийхийг уриалж байна. Mpress.mn мэдээллийн сайтаас бэлтгэсэн "Хүний бөөгнөрлөөс АМЬД ГАРАХ 10 АРГА" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.