/2023.12.15/: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УОК-ын бүрэлдэхүүн өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдаар ажиллаж байна.
Өнөөдөр Архангай аймгийн Тариат, Цахир сумдад ажиллалаа. Тариат суманд зуншлага тааруу байснаас өвөлжилт хүндрэх шалтгаан болж Өндөр-Улаан, Ихтамир , Эрдэнэмандал, Чулуут сумын нутагт 140 орчим өрхийн 80 орчим мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Өнөөдрийн байдлаар Алтаад, Мөрөн, Бөөрөлжүүт, Суман багийн 150 гаруй мянган мал сумандаа өвөлжиж байгаа аж.
Орон нутгаас өвөлжилт хүндэрч, малын хорогдол гарахаас урьдчилан сэргийлж, малчидтайгаа хамтран ажиллаж 56 мянга орчим малыг бойлж зах зээлд нийлүүлсэн байна. Мөн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд Тариат сум өөрийн тариалсан 8500 боодол, 420 портер машин ногоон тэжээл бэлтгэжээ.
Суманд дизель түлшний нөөц дуусаж, авто бензин 75 тн нөөцтэй, өвс, тэжээлийн үнэ өндөр байгаа нь малчдад отор нүүдэл хийхэд хүндрэл учруулж байгаа аж.
Иймд Засгийн газрын шийдвэрээр Улсын нөөцөөс 50 хувь хямдралтай үнээр олгож буй тэжээл болон 25 тонн түлш шатахууныг Ихтамир сумын төв болон Өндөр-Улаан сумын Донгой баг дээрх ШТС-аар дамжуулан отрын малчдад эхний ээлжинд хүргэх ажлыг эхлүүлээд байна.
Отроор явж буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн 4 баг гарган ажиллуулахаар шийдвэрлэж, орон нутгийн удирдлагуудыг зохион байгуулалтын арга хэмжээг сайтар авч ажиллахыг даалгалаа.
Эх сурвалж: ШСАА