/2023.08.31/: Нэг гэр бүлийн 7 хүн жимс түүж яваад, бага насны гурван хүүхдээ төөрүүлжээ.
Энэ үйл явдал Булган аймаг, Орхон сумын “Хөх шовх" гэдэг газар 11 цагийн үед болжээ. Онцгой байдлын газарт "Хүүхдүүд төөрчихлөө" гэх дуудлагыг 17:33 цагт өгсөн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, 2 эрэлч нохойтой, сумын мэргэжлийн ангийнхны хамтаар эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Төөрсөн гэх 11 настай Ж, 9 настай Г, 5 настай Т нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тухайн өдрийнхөө 19:26 цагт хүүхдүүдийг олжээ.
Хүүхдүүд алга болсон газраасаа 12 км зайтай “Хөх шовх” уулнаас эсэн мэнд олдож, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ