/2022.07.21/: Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө.
Энэ удаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хан хиллс” хотхон, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны Усны гудамжинд ажиллав.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг нийслэлийн удирдлагууд өдөр тутам авч байдаг. Хурал, зөвлөгөөн болгон дээр энэ асуудлыг хөндөж ярилцдаг. Энэ удаад холбогдох албаны төлөөлөлтэй хамтдаа ажлын явцыг газар дээр нь үзэж, гүйцэтгэгч компанийн ажилтнуудын санал бодлыг сонсож байна. Гүйцэтгэгч компаниуд үнэ ханштай холбоотой гомдол, санал хэлж байна. Бидний хувьд цаг хугацаа бүхнээс чухал. Хотын удирдлагуудын зүгээс машин зам өргөтгөхөөс гадна иргэдэд зориулсан гудамж, талбайг өргөтгөн тохижуулах, түүний стандартыг өөрчлөх, явган алхаж буй болон дугуйгаар зорчиж буй иргэдэд илүү тохитой байхад анхаарч байгаа. Аж ахуйн нэгжүүд санаачилгыг дэмжиж хашаагаа татаж байна, нийслэл ч хүч хөрөнгө гаргаж байна. Яг одоо бидний зогсож буй Ф.Шопенийн нэрэмжит гудамж буюу “Хан хиллс” хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх энэ замыг ашиглалтад оруулснаар нэгэн шинэ гарц бий болох юм гэлээ.
Нийслэлийн удирдлагууд аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийг дэмжиж ажиллахад онцгойлон анхаардаг. Эдийн засгийн хүндрэлтэй, санхүү мөнгөний дутагдалтай, ханш уналттай ийм хүндхэн цаг үед асуудлыг хамтдаа шийдэж, гарц гаргалгааг хамтдаа хайхгүй бол цаг хугацаа алдах эрсдэлтэйг Хотын орлогч тодотгосон.
26 ДУГААР ХОРООНЫ ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь авто замын хажуугийн явган хүн зорчих замыг тохижуулах ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч буй бөгөөд ажлын явц 60 хувьтай байгаа юм. Наймдугаар сарын 15-н гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр хариуцсан байгууллагууд ажиллаж байна. Тус замын тохижилтыг хийхийн тулд нийтдээ 26 аж ахуйн нэгжийн хашаа, хаалт, эзэмшлийн газар, барилгын үүд, довжоо, шат гэх мэтийг буулгах шаардлага тулгарчээ. Тэдгээрээс гурван аж ахуйн нэгж газар чөлөөлөх ажлыг удаашруулж буй гэнэ. Эдгээр байгууллагатай зөвшилцсөний дараа тохижилт, ногоон байгууламжийн ажлаа эхлүүлэхээр хүлээж буй аж. Түүнчлэн явган хүний замын материалыг бат бөх, чанартайг сонгож буйн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж байгааг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын ахлах инженер Б.Баяндэлгэр хэлж байлаа.
ГАРААШ БУУЛГАЖ, ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХИЙЖ БАЙНА
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд:
-Хот тохижилтын газрын тухайд нийслэлийн хэмжээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж байгаа. Усны гудамж дахь гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд авто зогсоол, явган хүний зам хийж байгаа бөгөөд ажлын явц 60 хувьтай байна. Өнөөдөртөө багтааж асфальтан хучилт хийнэ. Нийтдээ 21 гарааш буулгасан энэхүү талбайд хоёр метр өргөн зам тавьж, 500 ам метрт ногоон байгууламж байгуулна. Буулгалгүй үлдсэн хоёр гараашийг буулгаж, талбайг нэг мөр тохижуулах үүргийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өглөө. Иймд бид Сүхбаатар дүүргийн Газрын албатай зөвшилцөөд өгсөн үүрэг даалгаврын дагуу тохижилт хийхээр ярилцлаа гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажлын явц ямар байгааг мөн үзсэн. Уг гүүрний бүтээн байгуулалтыг явган хүний зам, ногоон байгууламж болоод бусад бүх дагалдах ажлыг наймдугаар сарын 31-н гэхэд бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө гэдгийг танилцуулсан. Аль болох хурдавчилж, цаг хугацааг наашлуулах тал дээр анхаарахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: НЗДТГ