/2021.08.12/ Соёлын өвийг хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо маш чухал байна гэдгийг хэллээ.
Энэ талаар Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, "Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь Монголын иргэд, хүн төрөлхтөн байдаг. Энэ жил соёлын өв хулгайд алдагдсан аймгууд дээр очиж ажилласан. Тэгэхэд дохиолол, харуул хамгаалалт дутагдалтай байгаа нь ажиглагдсан.
Энэ төрлийн гэмт хэрэгт төрөөс оролцож бууруулна гэхээр боломж бололцоо тааруу. Харин иргэдийн оролцоо маш чухал байдаг. Мөн соёлын өвийг хамгаалахад идэвхи санаачлагатай байсан иргэдийг шагнаж урамшуулдаг" гэв.
Мөн "Хөдөө орон нутагт соёлын өвийг хамгаалах цагдаа нарыг бэлтгэх, сургах тал дээр дутагдалтай ажилласан. Тиймээс ААН-үүдтэй гэрээ байгуулж харуул хамгаалалттай болгох тал дээр судалгаа хийж байна" гэлээ.
Энэ оны зургаадугаар сард Засгийн газрын 168 дугаар тогтоол гарч, орон нутагт соёлын хэлтэс байгуулахаар болсон байна. Ингэснээр соёлын өвийг хамгаалахтай холбоотой бодлогын хэрэгжилт сайжирна гэж үзэж байгаа аж.
Он гарсаар эхний найман сард соёлын өвтэй холбоотой 7 гэмт хэрэг бүртгэгдсэн талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм.