/2022.04.14/ “Эхлэл брэнд” ХХК энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус брэндийн гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийг дээрэмдэж байгаа бичлэгийг байгууллагынхаа фейсбүүк хуудсанд байршуулсан билээ.
Тэгвэл дээрх үйлдэлд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус компаний хууль ёсны төлөөлөгч “Ц”-д 1000 нэгжтэй тэнцэх 1.000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Тус аж ахуй нэгжийг дараах үндэслэлээр торгожээ. Тодруулбал,
- хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан,
- гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан зөрчлийг ашиг,
- орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан,
- гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг олон нийтэд сүлжээнд тараасан гэж үзжээ.
Иймд иргэн, хуулийн этгээд бүр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, үүргийг ажилтнууддаа мэдээлж, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.