Р.Отгонжаргал: 04.00 цагт 20 орчим иргэнийг түр саатуулсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Отгонжаргал: 04.00 цагт 20 орчим иргэнийг түр саатуулсан

/2022.4.8/ Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал мэдээлэл өглөө.

-Өчигдөр өглөө 10 цагаас эхлээд оюутан залуус монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж, үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал хийсэн. Жагсаал цуглаан хийх журамд заасны дагуу зөвшөөрөл авсан жагсаал биш. Залуусын хувьд иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байх талаар удаа дараа анхааруулж сануулсан. Үндсэндээ залууст үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхисон. 18 цагт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гарч ирж уулзсан. Энэ үед залуусын дундаас ундааны сав, талх шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр нэг эмэгтэйн толгойг хагалсан. Бид энэ үед мөн анхааруулсан.

Орой 19-20 цагийн үед жагсаалын бүтэц өөрчлөгдсөн. Насны хувьд, үзэл бодлын хувьд өөр залуус орж ирсэн. Нийтийг хамарсан замбараагүй байдал үүсгэх үйлдэл, үг хэллэг хэрэглэж эхэлсэн. Бид энэ үеэр удаа дараа анхааруулсан. Сүүлдээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, төрийн тусгай объект руу халдах үйлдлүүд гаргаж эхэлсэн. Жагсаал цуглаан намжихааргүй болж, согтууруулах ундаа хэрэглэсэн залуус олноор цугларсан. Удаа дараа залуусыг тарахыг шаардсан. Гэвч жагсагчдын тоо буураагүй, жагсаал намжаагүй. Тиймээс О3.40 минутад албадлагын арга хэмжээ авсан.

04 цаг өнгөрч байхад жагсагчдыг тарахыг шаардсан, эсэргүүцсэн. Эсэргүүцсэн 20 орчим иргэнийг прокурорын зөвшөөрөлтэйгээр түр саатуулсан. 18 хүнийг эрүүлжүүлсэн.

Сэтгүүлчид асуулт асуув:

-Хүүхэд баригдсан юм биш үү? Зүгээр зогсож байгаа хүнийг гуд татаад дэвслээд аваад явж бичлэгт харагдсан.

-Саатуулсан хүмүүс дунд бага насны хүүхэд байхгүй. 18 цагийн үед үзэл бодлоо илэрхийлж байсан эмэгтэйгийн тархийг хагалж, хоёр оёдол тавиулсан. Тэнд жагсаж байсан бүх хүнийг шалгах боломж бололцоо бүрдэхгүй байсан. Талбай дээр зорчиж явсан хүмүүс ч хүүхдүүдтэйгээ явж байсныг та бүхэн харсан. Зүгээр зогсож байгаа хүнийг гуд татсан зүйл огт байхгүй.

-Залуус тайван жагсаж байхад яагаад нохой болон ус шүршигч машин оруулсан бэ. Энэ ямар шаардлага байсан юм бэ?

-Сая хариуллаа. Орой болсон үед жагсаалын бүтэц өөрчлөгдсөн, "Ордон руу дайръя" гэх мэт зүйлс ярьж эхэлсэн. Машины цонх хагалсан, чулуу мод шидэж, гал тавьсан. Цагдаагийн газраас 23 цагийн үед нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа талаар мэдээлэл өгсөн. Жагсаал цуглаанд оролцогчид Их тэнгэрийн ам руу явж эхэлсэн. Энэ үед нь цагдаагийн байгууллагаас замыг нь хааж, жагсаал цуглаанд оролцогчдын тайван алхах, аюулгүй байдлыг хангаж замыг чөлөөлж өгсөн. Их тэнгэрийн аманд очсоны дараа залуустай хэлэлцээ хийх гэж үзсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн залуустай хэлэлцээ хийх ямар ч боломж гараагүй. Тэр үед нэлээн үймээн самуун дэгдээсэн.

Гэсэн ч цагдаагийн байгууллагынхан зөвлөсөөр байсан. Улмаар төрийн тусгай хамгаалалттай бүс болох Засгийн газрын ордноос цагдаагийн байгууллагат мэдээлэл ирүүлсэн. Залуучууд шатаар гарч ирээд, дайрч орж ирэх гээд байна гэсэн. Цагдаагийнхан хүч нэмэгдүүлж очиход байдал нэлээд хурцадмал байдалтай байсан. Цагдаагийн байгууллага 18 цагаас 02 цаг хүртэл зөвлөж ажилласан. Гэвч шаардлага биелүүлэхгүй, дайрч доромжилж эхэлсэн. Цагдаагийн алба хаагчид шаардлага тавиад биелүүлээгүй тохиолдолд бид албадлага хэрэглэх ёстой. Хуулиараа. Та бүхэн ганц нэг бичлэгийн хэсгээс харчихаад яриад байна. Бид зүгээр байгаа хүнийг барихгүй ээ. Залуусыг буруу зүйл рүү уриалаад байгаа хүмүүсийг харж ажиглаж байгаад тэдгээрийг тусгаарлаж, шаардлагатай арга хэмжээ авсны үр дүнд тэр жагсаал цуглаан гайгүй болсон.

Сүүлдээ талбайн төв цэгээс замын голоор алхаж эхэлсэн. Цагдаагийн байгууллага чанга яригчтай машинтайгаар хажуунаас нь автозамаа чөлөөлж, явган хүний замаар явахыг шаардсан ч машин руу чулуу шидсэн. Цаашдаа ноцтой үр дагавар гарахаас бид сэргийлэх үүрэгтэй. Нохой, шүршдэг машины тухайд ярьж байна. Шүршдэг машиныг 2012 онд худалдаж авсан, манай үйл ажиллагаанд ашиглагддаг машин. Жагсаал цуглаан үймээн самуун руу шилжиж ирсэн учир аюулгүй байдлыг хангах үүднээс аваачсан. Тэр дунд "7 сарын 1 шиг болгоё" гэж өдөөн турхирсан хүмүүс ч байсан.

Тэр баригдаж байгаа жагсагчийг өшиглөж байгаа алба хаагчийг дотоодын хяналт шалгалтаар шалгаж байгаа. Тухайн бичлэг аль талаас нь хийгдсэн байна гэдгийг шалгана.

Саатуулагдсан гэдэг нь зөрчлийг таслан зогсоосон гэсэн үг. 19 хүнээс согтууруулах ундаа илэрсэн тул эрүүлжүүлэх байранд аваачсан. Түүнээс тэдгээрийг тортой айхтар газар аваачиж хориод байсан зүйл байхгүй. Саатуулагдсан хүмүүсийн дунд 5 хүүхэд байсан. Тэдгээрийг гэрт нь хариулсан. Саатуулагдсан 19 хүний дунд 4 эмэгтэй байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг дээр байгаа.

Ийнхүү цагдаагийн мэдээлэл дуусав.

Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртасгах уу?
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртасгах уу?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.