Ж.Бат-Эрдэнэ: Орон нутгийн долоон нисэх буудлыг олон улсын зэрэглэлд шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Орон нутгийн долоон нисэх буудлыг олон улсын зэрэглэлд шилжүүлнэ

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ОРОН НУТГИЙН ДОЛООН НИСЭХ БУУДЛЫГ ОЛОН УЛСЫН ЗЭРЭГЛЭЛД ШИЛЖҮҮЛНЭ

/2022.04.07/: Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр эхэллээ.

“Боомтын сэргэлт, тээвэр логистикийн хямрал” сэдвээр салбар хэлэлцүүлэг Төрийн ордны Сүхбаатар танхим өрнөв. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт болон төр хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож боомтын сэргэлт, бүтээн байгуулалт, тээвэр, логистикийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Оролцогчдын хувьд иргэний агаарын тээврийн компаниудын үнэ тарифыг бууруулах, хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, ачаа барааны эргэлтийг сайжруулах зэргийг түлхүү асууж тодруулав.

Иргэний нисэхийн салбар болон боомтын өнөөгийн нөхцөл байдлын тухай Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Иргэний нисэхийн салбарт либералчлал бүх түвшинд хийгдэж байна. Үнэ, тарифын асуудал нь иргэний нисэхийн салбарын либералчлалын нэг хэсэг нь. Жишээ нь, БНСУ-ын Сөүл хот руу МИАТ ТӨХК-аас гадна хувийн хэвшлийн авиа компаниуд нислэг үйлдэж байгаа. Үүнээс гадна тухайн орны чиглэлд шинэ нислэгийн шугам нээх ажлыг хийсэн. Энэ нь өөрөө либералчлалын өөр нэг хэсэг. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас нисэхийн салбарт 100 хувь төрийн өмчлөлд байгаа нисэх буудлуудын үйл ажиллагааг либералчлах ажил эхэлсэн. Орон нутгийн долоон нисэх буудлыг олон улсын зэрэглэлд шилжүүлнэ. Ингэснээр нисэх буудлуудаа хувийн хэвшил болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээж өгөх, хоёрдугаарт, хөрш зэргэлдээ болон богино зайд нисэх олон төрлийн нислэгийг өртөг багатай, цаг хугацаа хэмнэн хийх боломжуудыг бий болгож өгөх ач холбогдолтой.

Хоёрдугаарт, тээвэр логистикийн гацааны асуудал дан ганц манай улсын биш дэлхийн бусад орнуудад ч бий. Боомт, тээвэр, логистикийн асуудал хөрш орнуудаас маш их хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хөрш орнуудын боомтын хөгжил, тээвэр, логистикийн бодлоготой манай улс хэрхэн уялдаа холбоотой байгаа нь шууд хамааралтай. Нөгөө талаар, тухайн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал шууд нөлөөтэй. Манай улсад коронавирусийн халдвар багасаж, энгийн амьдралдаа шилжсэн ч БНХАУ-д коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа тул хилийн хоригийн түвшингээ бууруулахгүй байна. Ингээд гацаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ дээр халдвар тархаахгүй, гацаа үүсгэхгүй тээвэрлэх хамгийн боломжит хувилбар болох чингэлэг тээврийг түлхүү явуулахыг хоёр улс тохиролцсон.

Боомт гэдэг өөрөө улс хоорондын хамтын ажиллагаа. Хөрш орнуудтайгаа тогтмол уулзалт хийж, хамтран ажилласан ч хил дамнан хянаж чадахгүй зүйл бол үнийн өсөлт байна. Дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрүүд томоохон хөрөнгө мөнгө шаарддаг, үр ашгаа удаан хугацааны дараа өгдөг талтай. Тийм учраас хөрөнгө оруулагчдыг олоход их төвөгтэй. Гэхдээ сүүлийн үеийн төрийн болон хувийн хэвшлийн түншлэл дээр хамтран хэрэгжүүлэх төсөлд чамгүй оролцогчид орж байна. Төмөр замд 10, авто замын салбарт 15 төсөл хэрэгжүүлнэ гэдгийг өмнөх урьдчилсан хэлэлцүүлэгт дурдсан” хэмээн тайлбарлав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улс хоёрхон хөрш улстай. БНХАУ коронавирусийн халдвараас болж, ОХУ-ын хувьд цэргийн ажиллагаанаас болж олон улсын хоригт орсон хүнд нөхцөл байдалд байна. Бидэнд Алтанбулаг, Замын-Үүд гэсэн хоёрхон гарц байдаг. Тэгэхээр бусад боомтуудыг хөгжүүлж, олон гарцтай болох зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, Гашуунсухайт боомт 2019 онд 20 тонн нүүрсийг авто тээврээр гаргаж байсан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орвол 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой. Дараачийн асуудал бол хос төмөр замтай болсноор нэг чиглэлд экспорт, импортыг зэрэг хийж, дамжин өнгөрөх чадвар нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр импорт, экспортын гацаа алга болж, экспортын орлого нэмэгдэх ач холбогдолтой” гэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохтой холбоотой 3700 зөрчлийг илрүүлжээ
Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохтой холбоотой 3700 зөрчлийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.