/2022.04.05/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.
Тэрээр үүнийхээ дараа хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны үнийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр:
-Шатахууны хувьд зохицуулалт хийхгүй бол багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн. Америк доллараар тооцоо хийхгүй, зөвхөн рублиэр хийнэ гэсэн. Зөвхөн бензин биш гаазын хувьд ч адил үүссэн. Олон улсын бирж дээрх үнээр л Монгол Улс авна. Монголд зориулсан тусгай үнэ гарна гэх боломжгүй.
Бид ОХУ-аас 100% хамааралтай гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид Евро2 ч хэрэглэж чаддаггүй. Гэтэл Евро5 руу орчихсон байгаа. Ийм улс гэдгээ бид бодитоор ойлгох хэрэгтэй. Урт хугацаандаа бид хараат бус байх нөхцөл рүү орно.
Газрын тосны үйлдвэрээ барих шаардлага тулгарч байна. Нүүрс экспорт, эрчим хүчний импорт зэргээс бүгдээс нь хоёр хөршөөс хамаарч байна. Аль болох энэ хамаарлыг багасгах бодлого барих шаардлагатай. Тиймээс нефтийн хэрэглээн дээр Засгийн газар зохицуулалт хийж, 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх боломжийг багасгаж байна гэж ойлгож болно. Шатахуун импортлогч компаниудтай Засгийн газар нүүр тулж уулзаж, зохицуулна. Мөн Төв банктай хамтарч ажиллая гэж байгаа юм.