/2022.3.10/ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны өдрийн 21:29 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Тус байршил нь аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т байдаг ажээ. Харин сураггүй болсон хүмүүс нь иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нар гэж мэдүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход сумын төвөөс Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газрын чиглэлд сураггүй болсон тул Эгийн голын мөсөнд 3 цооног гаргаж 3 удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэвч эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон байна.
Эрэн хайх ажиллагааг 10-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.