“No double standart” иргэний хөдөлгөөний зохицуулагч болох Д.Монголхүү, Э.Одбаяр тэргүүтэй залуус болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан “No war” тайван жагсаал яг одоо төв талбай дээр болж байна.
МоАХ-ны ерөнхий зохицуулах зөвлөлийн зохицуулагч Д.Монголхүү, "Иргэний нийгмийн байгууллагын залуучууд нэгдэж энх тайвныг уриалж, үгээ хэлэхээр өнөөдөр цугларлаа. "Босоо хөх монгол" ТТБ-ыхны энэхүү тайван жагсаалыг эсэргүүцэж буй шалтгааныг мэдэхгүй байна. Энх тайван гэдэг бол ганцхан монголчуудын юм уу Орос, Украины асуудал биш. Энх тайван бол нийтлэг хүн төрөлхтний эрх ашиг. Дайн хүсдэг хүн гэж байхгүй байх. Бид бол энх тайвнаар зэрэгцэн оршъё л гэж энд ирсэн.
Зарим хүмүүс өнөөдрийн жагсаалын ард ямар нэг улс төрийн явуулга байна гэж харж байх шиг байна. Гэхдээ тэд өнөөдрийн жагсаалыг хэрхэн хүлээж авч, юу гэж харах нь өөрсдийнх нь эрхийн асуудал. "No double standard", "NoNaadam", Данхтай жагсаалын ард хэн ч байхгүй. Хэрэв үүний ард ямар нэг улс төрийн хүчин, бусдын хэлээд байгаа шиг гадаадын тусгай албанаас санхүүжилт авсан бол өнөөдөр бид нар шоронд сууж байгаа.
Бидний өнөөдрийн жагсаал үргэлжилнэ. Манайх бол бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс. Дэлхийд тусгаар улс гэсэн бүртгэлтэй, албан ёсны статустай. Тиймээс дэлхий нийтийн анхаарлын төвд орчхоод байгаа асуудалд Монгол Улс байр сууриа илэрхийлэх ёстой. Яагаад илэрхийлэхгүй байна вэ. Эсвэл өөрсдийгөө улс биш гэж үгүйсгээд байгаа юм уу. Хэрэв тийм биш бол Монгол Улс төвийг сахисан байр суурьтай байна гэдэг юм уу аль нэг улсыг нь дэмжиж байна гэж албан ёсоор байр сууриа илэрхийлэх ёстой. Хэрэв "бид төвийг сахиж байна" гээд байр сууриа илэрхийлбэл манай улс энх тайвныг хүсэж байна л гэсэн үг" гэлээ.