/2022.02.11/: Эрүүл мэндийн сайдын тушаалыг шинэчлэн баталж эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээнд иргэдийг хамруулах болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд тайлбар хийлээ. Тэрээр:
-Өвчилсөн хойно нь бус өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь орчин үеийн анагаахын чиглэл, хандлага болж байна. Урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг анхдагч, хоёрдагч, гуравдагч гэж хуваадаг. Хоёрдагч сэргийлэлтийн явцад өвчний эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээ хийснээр эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн сэргийлж хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн ачааллыг багасгах, түүнчлэн эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой.
15-69 насны 3 хүн тутмын нэг нь, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өчвлөх эрсдэлтэй байна. Энэ эрсдэл нь эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1.5 дахин их байна.
Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж нас барсан 3 тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Хорт хавдраас шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жил нийт нас баралтын шалтгаанаар хоёрдугаар байранд тогтмол байсаар байна.
Өөрөөр хэлбэл монгол хүний сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байна. Түүнчлэн иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт тогтмол хамруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
ЭМЯ 2021 онд 11 аймаг зарим дүүргүүдэд эрүүл мэндийг дэмжих төв байгуулах ажлын хөрөнгө оруулалтыг хийж, засвар тохижилтын ажлууд дуусч, шаардлагатай оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг суурилуулж байна. Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, шинжилгээ, оношлогоог зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж Эрүүл мэндийн сайдын тушаалыг шинэчлэн баталсан.
Хуучин мөрдөгдөж байсан тушаалд 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулж байсан бол шинэчлэсэн журмаар 0-18 насны хүүхдийг уг шинжилгээнд хамруулдаг боллоо. Түүнчлэн тодорхой насны бүлэгт хувааж насан туршид нь эрт илрүүлэх шинжилгээнд хамруулдаг боллоо.
2022 онд 6 насны бүлгээр 31 төрлийн өвчин, эмгэгийг илрүүлэх, 40 төрлийн оношлогоо, үзлэг хийхээр төлөвлөж байна. Иргэд эрт илрүүлэх шинжилгээ, үзлэгт хамрагдсанаар зүрх судасны өвчин, чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжийг 50 хувь, хорт хавдрын нас баралтыг 35-60 хувь хүртэл бууруулах боломжтой.
МУ-ын Засгийн газраас 2024 он гэхэд монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг 5 жил болгож, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах эрэгтэйчүүдийг 70 хувь хүргэхээр зорин ажиллаж байна.
Эх сурвалж: ЭМЯ