/2022.02.11/: АТГ төрийн албан тушаалтнуудын ХАСХОМ буюу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж аваад олон нийтэд мэдээлдэг. Сайтаас үзэж танилцахад албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь байх юм. ХАС буюу хувийн ашиг сонирхлыг нь АТГ хэрхэн яаж мэдээлдэг вэ? /Хан-Уул дүүргийн иргэн Ц.Наранчимэг/
Дээрх асуултад АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд дараах хариултыг өгөв:
-Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх журам” хэрэгжиж байна.
Уг журмаар албан тушаалтны мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаар мэдээлэл авах хүсэлтийг тухайн албан тушаалтны мэдүүлгийг хадгалж буй байгууллагын удирдлагад маягтын дагуу хүсэлт гарах ёстой. Мэдүүлгийг хадгалж буй байгууллагын удирдлага гэдгийг тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэж ерөнхий байдлаар ойлгож болно. Уг хүсэлтийг хүлээн авсан байгууллагын удирдлага ажлын 3 өдөрт багтаан тогтоосон хүрээнд мэдээлэл өгөх зөвшөөрлийг бичгээр олгодог. Хэрэв мэдээлэл өгөх боломжгүй бол үндэслэлээ хүсэлт гаргагчид тайлбарлах ёстой.
Мэдээлэл өгөх зөвшөөрөл олгосон тохиолдолд дээрх журмын 4 дүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалтны ... оны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн хураангуй мэдээлэл”-ийн маягтын дагуу буюу Хувийн ашиг сонирхол (ХАС)-ын мэдүүлгийн хураангуй мэдээлэлтэй танилцуулдаг. Харин албан тушаалтны гаргасан мэдэгдэл, тайлбарын хувьд эх хувиар нь танилцах боломжтой.
Албан тушаалтны гаргаж байгаа ХАС-ын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хамтад нь ХАСХОМ гэж нэрлэдэг. Уг мэдүүлгийн дотор хувь хүний нууцад хамаарах мэдээлэл багтаж байдаг тул ХАСХОМ-ийг дэлгэрэнгүй байдлаар зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон шүүх, прокурор, цагдаа, тагнуулын болон бусад эрх бүхий төрийн байгууллагад гагцхүү хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэгтэй танилцаж, мэдээлэл авч болохоор зохицуулсан.
Эх сурвалж: АТГ