/2022.02.11/: Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурал өчигдөр болж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний хорооны дарга А.Ариунзаяа удирдан явууллаа.
Хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалыг хэлэлцэн баталж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажлын хэсэг байгуулахаар болж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дэд даргаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг дэвшүүлж, баталлаа.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт салбар хороо болон аймаг, нийслэлийн хорооны дүрэм, Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм, Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх зарчим хэрэгжүүлэх аргачлал, Цалин хөлс тогтоох аргачлал, Хөдөлмөрийн норм, норматив боловсруулах аргачлал, Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал зэрэг дүрэм, журам, аргачлалын төслийг хэлэлцэн баталсан юм.
Эх сурвалж: ХНХЯ