ОХИД: Ариун цэврийн хэрэглэл үнэгүй болчихвол МАШ ХЭРЭГТЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХИД: Ариун цэврийн хэрэглэл үнэгүй болчихвол МАШ ХЭРЭГТЭЙ

Сургуулийн орчинд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгох асуудал сүүлийн үед иргэдийн ярианы сэдэв болж байна. Үүнийг сайшаалтай хүлээж авч дэмжиж буй хүмүүс байгаа ч нөгөө талаар шүүмжлэлтэй хандах иргэд ч мөн нэлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид дунд сургуулийн охидоос ариун цэврийн хэрэглэл авахад хэр хүндрэлтэй байдаг талаар асууж тодрууллаа.

Эх сурвалжуудын хүсэлтээр сургууль, нас, нэрийг нь нууцлав.

Сурагч 1.

-Ариун цэврийн хэрэглэл авахад эдийн засгийн хувьд хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Нэг их хүндрэлтэй байдаггүй. Манай ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдөө ариун цэврийн хэрэглэл аваад эмийн сангийн хайрцаг дотор хийчихдэг. Ариун цэврийн хэрэглэлгүй ирсэн охидууд тэндээс аваад хэрэглэх боломжтой байдаг учир их амар байдаг.

-Үнэгүй өгдөг болвол хэрэгтэй юу?

-Ер нь бол хэрэгтэй. Сарын тэмдэг нь дөнгөж ирж эхэлж байгаа охидын хувьд биений юм нь гэнэт ирэх үе их байдаг. Энэ үед хэрэглэлгүй ямар ч бэлтгэлгүй явж байдаг болохоор сургууль дотор, сургуулийн ойр орчинд үнэгүй олговол их хэрэгтэй гэж бодож байна. Хөвгүүдийн хажууд ангийнхаа охидоос “ариун цэврийн хэрэглэл байна уу” гэж асуух эвгүй байдаг. Тиймээс асууж чадахгүй явсаар байгаад нэвтэрдэг тохиолдол зөндөө гардаг.

Сурагч 2.

-Ариун цэврийн хэрэглэл авахад эдийн засгийн хувьд хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Мэдээж дунд сургуулийн сурагчид ажил хийж өөрсдөө мөнгө олох боломжгүй байдаг учир бага зэрэг хүндрэлтэй байдаг. Би дороо 2 эмэгтэй дүүтэй. Бид 3 гурвуулаа дунд сургуулийн сурагчид. Яг манайх шиг олон охинтой айл зөндөө байдаг байх. Ер нь сард 30-40 мянган төгрөгийг ариун цэврийн хэрэглэл авахад зарцуулдаг. Яг тооцож үзээгүй болохоор үүнээс ч илүү гардаг байж магадгүй.

-Ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгодог болговол хэрэгтэй юу?

-Мэдээж хэрэгтэй гэж бодож байна. Учир нь сургууль дээр байхад гэнэт сарын тэмдэг ирэх үе байдаг. Зарим охид ичээд нэг нэгэндээ ч хэлдэггүй. Өмд нэвтэрчихээр аргагүйн эрхэнд ангийн багшдаа хэлээд гэртээ харьдаг. Гэтэл багш нь ангиар нэг зарлаад маргааш нь хөвгүүд шоолоод байдаг. Тиймээс сургууль, анги танхимд ариун цэврийн хэрэглэл бэлэн байвал их хэрэгтэй.

Сурагч 3.

-Ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй авдаг болгох тал дээр юу гэж бодож байна вэ?

-Мэдээж хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа сургуулийн орчинд. Гэнэтийн үед ариун цэврийн хэрэглэлгүй байх их хэцүү. Үүнээс болоод заримдаа хичээлдээ сууж чадахгүй байх тохиолдол гардаг.

Сарын тэмдэг нь ирсэн охид их ичдэг. Ангийн хөвгүүд шоолох, тухайн охиныг бусад ангийн хүүхдүүдийн дэргэд эвгүй байдалд оруулах үе байдаг. Тиймээс сургуулийн сурагчдад энэ талын мэдлэг мэдээллийг өгдөг байх хэрэгтэй гэж боддог. Мөн охидод сарын тэмдэг гэдэг нь ичих зүйл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна.

Сурагч 4.

-Сургуулийн ойр орчинд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгодог болчихвол охидод хэр амар байх бол? Үүнийг үнэгүй олгох хэрэгтэй гэж бодож байна уу?

-Ер нь хэрэгтэй байх. Миний хувьд байнга ариун цэврийн хэрэглэлтэй явахыг хичээдэг. Тиймээс нэг их хүндрэл бэрхшээл гардаггүй.

Харин нэг удаа манай ангийн охин ариун цэврийн хэрэглэлгүй байснаасаа болоод эвгүй байдалд орж байсан тохиолдол байдаг. Өмд нь нэвтэрчихсэн. Гэтэл ангийн хөвгүүд бүгд "тэрийг хар даа" гэж өмд рүү зааж шоолон тэр охиныг эвгүй байдалд оруулж байсан. Тухайн үед манай ангид хичээл зааж байсан багш гараад явчихсан байсан учир тэр охин чөлөө авч явж чадаагүй. Мөн дураараа явбал багшид загнуулах байх гэж бодоод гэртээ харьж чадаагүй.

Тиймээс иймэрхүү яаралтай үед сургуулийн ойр орчин, гадаах дэлгүүр гээд хаанаас ч очоод авчихаж болохоор ойрхон байвал зүгээр байх.

Mpress.mn сайтаас энэхүү сэдэвтэй холбоотойгоор бэлтгэсэн дараах мэдээллүүдийг дор хавсаргав.

1. Эмэгтэй хүн жилд 168 мянган төгрөгийн ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг

2. Охидод ариун цэврийн хэрэглэл өгөхөд сард 2 тэрбум төгрөг шаардлагатай

1192 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа
1192 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.