/2022.02.09/ Сургууль, дотуур байранд ариун цэврийн үнэгүй хэрэгсэл байрлуулах төсвийг батлах хэрэгтэй талаар Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын УИХ-ын гишүүд мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.
- Олон улсын хэмжээнд ариун цэврийн хэрэглэл авах боломжгүй охидод үнэгүй хүртээх, олон нийтийн газарт ариун цэврийн хэрэглэл байршуулах зэрэг үйл ажиллагаа болдог. УИХ-ын гишүүн байх хугацаандаа эмэгтэйчүүдийн эрхийн томоохон асуудлыг дэлгэж байна.
Орон нутгийн нэгэн сургуулийн 8 дугаар ангийн охинд ариун цэврийн хэрэглэл байхгүй байсан тул дотуур байрныхаа хөнжлийн даавууг ашиглажээ. Гэтэл дотуур байрны манаач нь түүний гарыг хугартал нь зодсон тохиолдол гарсан.
Тиймээс орон нутгийн сургууль, дотуур байр, гэр хорооллын сургуульд ариун цэврийн хэрэглэл байршуулж, хүртээмжтэй болгох хэрэгтэй гэх санал тавьсан. Дэлхийн 20 гаруй улсад ариун цэврийн хэрэглэлийг татвараас чөлөөлдөг, олон нийтийн газарт үнэ төлбөргүй байршуулдаг хуультай юм.
Өсвөр насны буюу 11-18 насны 200 мянга орчим охин байна. Нэг өсвөр насны охин нэг сард 10 мянган төгрөгөөр ариун цэврийн хэрэглэл авдаг гэж үзэх юм бол нийт охид нэг сард 2 тэрбум, нэг жилд 24 тэрбум төгрөг шаардлагатай гэх судалгаа гарсан юм. Энэ нь бурхны хөшөөг барих гээд 32 тэрбум төгрөг баталдаг манай улсад асар их мөнгө биш" гэв.