/2022.01.11/ Өнөөдрөөс эхлэн Замын-Үүдэд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч, түүнээс дээш ахлах ахлагч цолтой мэргэжлийн жолооч нарыг дараах зохион байгуулалтад оруулж, туршилтын тээвэр хийлгүүлнэ.
Замын-Үүдэд маш олон жолооч нар цааш нь ковид тараасан гээд тээвэрлэлт хүндрэхэд нөлөөлсөн. Тэг цэгээс цаашаа үнэ төлбөргүй төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын жолооч, тусгай албан хаагчид чингэлэг тээврийг дамжуулж ачаад Замын-Үүдэд авч ирнэ.
Энэ бол тээвэр ложистикийн хүндрэл, инфляцийг бууруулахын төлөө хийж байгаа алхам гэж Засгийн газар үзээд, маргаашнаас энэ ажлыг эхлүүлэх гэж байна. Бид долоон мянган хүний халдвар хамгааллыг сахиулж чадахгүйгээс хойш, өөрсдөө хоёр зуутыг бэлдэж байна. 14 хоногт нэг зуут нь ажиллана, эргээд нөгөө ээлж нь солигдоод ажиллах зарчмаар. Тээврийн чингэлэг зөөх, том оврын тавцан түгжигчтэй автомашиныг түрээслэх, хүмүүсээ вакумжуулж байрлуулах, нааш цааш зөөх шатахууны зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа.
Замын-Үүдэд тээвэр эрхэлдэг төрийн бус байгууллага, жолооч нарт хэлэхэд: Уучлаарай, үүнийг хийж үзэхээс өөр аргагүй. Үгүй бол урд хөрш: танайх манайд халдвар хамгааллын дэглэм зөрчөөд, өвчин халдаагаад байна гэж хэлээд байгаа" гэх мэдээллийг өчигдөр МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэлсэн юм.