/2021.12.08/: ЭМЯ-аас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар Дэлхийн 25 оронд Коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” бүртгэгдээд байна.
Улсын онцгой комиссын шуурхай өргөтгөсөн хуралдаанаар “Чингис хаан” нисэх буудал дээрх хилийн тандалт судалгааг шинэ шатанд гаргахаар шийдвэрлэж, ХӨСҮТ-ийн баг бүрэлдэхүүн тэнд ажиллаж байгаа юм. Монгол Улсын хувьд коронавирусийн шинэ хувилбарыг оношлох мэргэжилтнээ Япон улсад сургаж, чадавхжуулсан, үүнтэй холбоотойгоор тоног төхөөрөмжөө хүлээн авчээ. Тиймээс оношилгоо үнэн зөв гарч байгаа эсэх тухайд эргэлзэх шаардлагагүй гэж ЭМЯ-аас мэдээлсэн билээ.
11 дүгээр сарын 27-ноос хойш 1400 гаруй зорчигч “Чингис хаан” нисэх буудлын хилээр эх орондоо ирсэн байна. Өнөөдрийн байдлаар хилээр нэвтэрсэн зорчигчдоос “Омикрон” хувилбарын вирус илрээгүйг ЭМЯ-аас мэдэгдсэн.
Дэлхийн улс орнуудын жишгээр Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг өөрсдийх нь зардлаар 10 хоног тусгаарлаж байгаа. Бусад орнуудаас агаараар болон газраар ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.
Энэтхэг Улсын тухайд Коронавирусийн “Омикрон” хувилбар бүртгэгдээгүй учраас тэндээс ирсэн иргэдийг тусгаарлах журам одоогоор гараагүй ч УИХ-ын дарга Улсын онцгой комиссын шийдвэрийг хүндэтгээд гэртээ тусгаарлагдаж байгаа юм байна. Айлчлалын явцад нийт 5 удаа шинжилгээ авсан сөрөг гарчээ.
Харин Бүгд Найрамдах Өмнөд Судан улсаас өнгөрсөн 11 дүгээр сарын 27-нд эх орондоо ирсэн Монгол цэргүүдийг зайлшгүй 10 хоногийн тусгаарлалтад байлгах шаардлагатай гэж УОК шийдвэр гаргасан. Учир нь Африкт голомтлон гарсан 8 улсын нэг нь Өмнөд Судан.
“Багабаян” цэргийн амралтын газарт 10 хоногийн тусгаарлалтад байсан 200 гаруй цэрэг өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр тусгаарлалтаас гарчээ.