/2021.11.05/
Жолоочийн даатгалын тухай хуулийг тойрсон асуудлаас бид даатгалын компаниудаас жилдээ 500 сая төгрөг татан төвлөрүүлдэг нэгэн сангийн тухай мэдэж авцгаалаа. Нэр нь “Албан журмын даатгалын холбоо”. Ийм нэртэй газар даатгалын компани бүрээс жилдээ 500 саяыг авсаар 27 тэрбум төгрөгийн сантай болжээ. Бидний хэн нь ч мэддэггүй төдийлөн сонирхож байгаагүй энэ байгууллагыг төрийн төлөөлөл давамгайлсан ТУЗ удирддаг. Сангийн яамны төлөөлөл 2 , Санхүүгийн зохицуулах хороо 2, Үйлдвэрчний эвлэлээс 1, компаниудаас 2 төлөөлөл багтдаг.
Өөрөөр хэлбэл төрийнхөн давамгайлсан удирдлагатай. Харамсалтай нь сүүлийн 2 жил бараг хуралдаагүй гэдэг. Энэ байгууллага нь Даатгалын компаниудаас татан төвлөрүүлсэн мөнгөөрөө даатгалгүй 150 мянган жолооч нарт хохирол учирвал хохирлыг барагдуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой.
Гэтэл даатгалгүй жолооч нарт нөхөн төлбөрт өгсөн мөнгөний хэмжээ тун хангалтгүй. Үүнийг мэддэг жолооч ч ховор юм. 2019 оныг хүртэл энэ байгууллага замын хураамжийн 10 хувийг авдаг байжээ. Нууцлаг хирнээ нилээдгүй хөрөнгөтэй энэ газар 15 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
27 тэрбумынхаа 7 тэрбумыг нь нэр бүхий арилжааны банкинд байршуулаад алдчихсан мэдээлэл байна. Ийм л газар даатгалын компаниудын албан журмын даатгалын бизнесийг төрийн нэрийн өмнөөс хийхээр шулууджээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэг ихээхэн эсэргүүцэл маргаантай үргэлжилж өчигдөр орой эрх баригч МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байна.