Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Б.Ганхуягтай хийсэн ярилцлагаас онцлох 12 эшлэлийг хүргэж байна.
1.Өнөөдрийн байдлаар ЭТТ компани 5,6 сая тонн нүүрс экспортолж, 13 сая тонн нүүрс олборлох ёстойгоос 8,1 сая тонныг олборлоод байна. Борлуулалт 32,3 орчим хувиар тасарсан.
2.Цаашид хил гаалийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол 2022 оны нэгдүгээр улиралд БНХАУ-д Өвлийн олимп болно. Үүнтэй холбоотой нэлээд хязгаарууд тавигдана.
3.Сүүлийн өдрүүдэд өдөрт 250-300 машин гарч байна. Энэ нь шаардлага хангахгүй л дээ. Яагаад гэвэл бид өдөрт 1200-1300 хүртэл чингэлэг гаргадаг байсан. Энэ түвшиндээ хүрэхийн тулд яриа хэлэлцээг эрчимжүүлэх, халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлыг хангахын тулд талууд ажиллаж байна.
4.Гашуун сухайт, Цагаан хад орчимд өнөөдрийн байдлаар 8,9 сая тонн буюу 800 гаруй сая долларын нүүрс төвлөрөөд байна. Энэ бол БНХАУ-ын худалдан авагч компаниудын мөнгөн хөрөнгө түгжигдчихээд байна гэсэн үг.
5.Цагаан хаданд 60 дотоодын цэргийн алба хаагч ажиллуулж байсан бол нэгдүгээр сарын 1-нээс энэ тоог 120 болгох, эмнэлэгийн 11 хүнтэй баг нэмж ажиллахаар, халдваргүйжүүлэлтийн томоохон техник төхөөрөмжөөр ханган ажиллахаар болсон. Энэ бүхний зардлын 60 хувийг ЭТТ компани гаргана.
6.Хятадын тал Цагаан хад Гашуун сухайт хоёрын хоорондох хэдхэн км-т их хэмжээний үнэ тавьж байна. Хятад талаас өөрийнхөө нэгэнт түгжсэн мөнгийг эрсдэл гарган татахын тулд өндөр үнэ зарлаж байна, мөн гуравдагч этгээдүүд буюу зуучлагчид ажиллаж байна. Энийг шийдвэрлэх гарц нь терминал, орчны газруудыг бизнесийн тусгай хэрэгцээнд авах зэрэг арга хэмжээ. Төлөвлөгөө, схемийг хийгээд явж байна.
7.Бид хилээ нээгээч гэдэг л санал тавьдаг. Цагаан хаданд төвлөрөөд байгаа 8,9 сая тонн нүүрсний 1,3 сая гаруй тонн нь эрчим хүчний нүүрс. Энэ хятадад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Манай агуулахад 1,8 сая тонн эрчим хүчний нүүрс байна. Үүнийг ч нийлүүлэхэд бүрэн бэлэн. Гол нь цар тахалтай холбоотой хилийн нэвтрэлт л байна.
8.Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замаар Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлээд Ганц модны 3,2-3,6 км-т очно. Тэнд төмөр зам болон автозамын нэгдсэн терминал байгуулагдана. Тэр терминал дээр ачиж, буулгах үйл ажиллагаа явагдана. Хятадын тал төмөр зам, авто замаар авах эсвэл жолоочгүй тээвэр, цамхагт контейнерээр авах гээд бүх боломжийг нь бид хангаж өгнө. 2022 оны долоодугаар сарын 1-ний өдөр ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй.
9.Цаашдаа автозам, төмөр замын терминал байгуулагдах учир бид тээвэрлэлт хийх ажил руу ханцуй шамлан орсон. Терминалтай холбоотойгоор, шууд терминалд хүргэх нөхцөлтэйгээр бүтээгдэхүүнээ 156 доллараар борлуулаад эхэлсэн.
10.2022 онд 18 сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөсөн. Хилийн нөхцөл байдал сайн байвал 4 сая тонн нүүрс нэмж олборлож, борлуулах төлөвлөгөөтэй.
11.ЭТТ компанийн хувьд 2022 онд AGB буюу жолоочгүй тээврийн харилцаа руу орох бэлтгэл ажлыг хангаж байна.
12.Ойрын хугацаанд ноогдол ашиг тараахгүй.