/2022.12.07/ УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр батлах гэж буй хуулийн төслүүдтэй холбоотойгоор мэдээлэл өгч байна.
Тэрээр:
-Авлига хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хариуцлага тооцдог ялыг чангаруулах хэрэгтэй. Тиймээс Эрүүгийн хууль дах Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангаруулна. Энэ дагуу авлигын гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд оруулна.
Өнөөдөр байгалийн баялгийг ашиглах салбарын авлига өндөр байна. Тиймээс "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль"-ийг батална. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Мөн эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх этгээд орлого, зарлага, өгсөн хандив, мөнгөн гүйлгээгээ ил тод байлгах хууль батална. Ингэснээр нүүрс төдийгүй зэс, жонш, төмрийн хүдрийн бүх салбарыг ил тод болгоно. Төрийн өмчит компаниудыг ард түмэнд нээлттэй болгоно гэлээ.